Шүүхийн Тамгын газрын танилцуулга

2022-07-28      2184

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Налайх дүүргийн шүүх нь 1953 он хүртэл Улаанбаатар хотын Ардын хэсгийн шүүхэд харьяалагдаж байгаад анх удаа Ардын хэсгийн шүүхийг ард нийтээр сонгох сонгуулийн үр дүнд Налайх хороонд Улаанбаатар хотын “5 дугаар хэсгийн шүүх” гэсэн нэртэйгээр анхны бие даасан шүүх байгуулагдан ажиллаж эхэлсэн түүхтэй. Өдгөө 67 жилийн ой тохиож байна. Тус шүүхийн анхны даргаар Х.Сэдэд, нарийн бичгийн даргаар Ж.Ичинхорлоо нар ажиллаж байв.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Налайх хороог “хот” болгож 1962 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Налайх хотын шүүх” болгож, 1993 оны 6 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл орон нутгийн төсвөөс санхүүжин ажиллаж байжээ.

Тус шүүхэд шүүгчээр П.Лувсандорж, Ж.Бямбаа, Ж.Баярсайхан, нарийн бичгийн даргаар н.Цээсүрэн, н.Хорлоо, Ё.Думаа, н.Цэнд-Аюуш, Ж.Эрдэнэцэцэг, бичээчээр Д.Туяа, Д.Сувд, манаачаар н.Агваан, зарлагаар О.Булгаа, С.Ягаан нар тус тус ажиллаж байсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”-аар “Налайх дүүргийн шүүх”-ийг байгуулсан ч 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар дээрх хуульд өөрчлөлт оруулж, “Дүүргийн 4 дүгээр шүүх” /Налайх дүүргийг харьяалах/ хэмээн өөрчилсөн байна.  2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шүүх байгуулах хуульд дахин өөрчлөлт оруулж Налайх дүүрэгт байрлах “Дүүргийн 4 дүгээр шүүх”-д Багахангай дүүргийн хэрэг маргааныг нэмж харьяалуулсан.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхийг  хэрэг маргааны төрлөөр дагнуулж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх,  Дүүргийн Иргэний хэргийг анхан шатны 4 дүгээр шүүх болгон өөрчлөн байгуулж, улмаар Налайх, Багахангай дүүргээс гадна Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын хэрэг маргааныг харьяалуулж эхлэв.

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар тус шүүхийн нэршил болон нутаг дэвсгэрийн харьяалалд дахин өөрчлөлт оруулж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх”, “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллав.

Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Багахангай дүүрэгт Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх шинээр байгуулагдсан. Ингэснээр

  • Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,
  • Багахангай дүүргийн Иргэний анхан шатны шүүх,
  • Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,
  • Налайх дүүргийн Иргэний анхан шатны шүүх гэж нэрлэн шүүн таслах ажиллагааг дагнан хэрэгжүүлж эхэлсэн.