Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг

2022-07-28      2306

ЧИГ ҮҮРЭГ

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аас

85 дугаар зүйл.Шүүхийн Тамгын газар

85.1. Шүүх нь Тамгын газартай байна.

85.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.

85.3.Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.

85.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.

85.5.Шүүхийн Тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

86 дугаар зүйл.Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг

86.1.Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

86.1.1.энэ хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

86.1.2.шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

86.1.3.шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

86.1.4.шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

86.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; 

86.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг авах;

86.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх;

86.1.8.тухайн шүүхийн шүүн таслах болон бусад ажиллагааны тоон мэдээлэл гаргах;

86.1.9.иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх;

86.1.10.хуульд заасан бусад.

86.2.Шүүх хуралдааны тэмдэглэлийг мэдээллийн технологи ашиглан хөтөлж болно.