ЗЭЭЛДЭГЧ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БИЧГЭЭР ТОХИРОЛЦООГҮЙ БОЛОВЧ ЗӨВШӨӨРӨН ТӨЛСӨН БОЛ БУЦААН ШААРДАХ ЭРХГҮЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.01-ны өдрийн, 193/ШШ2025/00571
Тоймын дугаар,огноо: №1, 2025.08.25,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч А хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний хүүгийн төлбөр 5,236,000 төгрөгийг гаргуулах тухай, хариуцагч Б нь нэхэмжлэгч А-д холбогдуулан илүү төлсөн 5,802,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
Зээлдүүлэгч А нь зээлдэгч Б-ийн данс руу нийт 68,000,000 төгрөг шилжүүлж, зээлдэгч Б нь зээлийн гэрээний хариу үүрэг болгож зээлдүүлэгч А-ийн данс руу 73,802,000 төгрөгийг шилжүүлсэн.
А, Б нар зээлийн гэрээг амаар байгуулахдаа сарын 9 хувийн хүүг тохиролцсон гэж зээлдүүлэгч А тайлбарласан. Харин зээлдэгч Б нь бид сарын 9 хувийн хүүг тохиролцоогүй, бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй гэж маргасан.
Зээлийн гэрээ нь хариу үүрэг бүхий бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээ бөгөөд уг гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй боловч зээлийн гэрээнд хүү тогтоосон бол гэрээг бичгээр байгуулна, бичгээр байгуулаагүй бол хүү шаардах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан. Иймд зээлдүүлэгч А нь зээлийн гэрээний хүүг бичгээр тохиролцоогүй учраас Б-ээс зээлийн гэрээний хүүгийн төлбөр 5,236,000 төгрөгийг шаардах эрхгүй.
Харин урт хугацаанд үргэжилсэн зээлийн гэрээний зээлдэгч Б нь зээлдүүлдэгч А-ийн харилцах данс руу “зээлийн хүү” гэсэн агуулгаар нийт 5,802,000 төгрөгийг шилжүүлснээс дүгнэхэд зээлийн хүү, хүүгийн хэмжээг зөвшөөрөн биелүүлсэн болох нь тогтоогдсон. Зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах, эсхүл үндсэн зээлд тооцуулахыг хүссэн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй.
Иймд зээлийн гэрээний хүүгийн төлбөр 5,236,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон илүү төлсөн 5,802,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/193708?daterange=2025-07-01%20-%202025-07-01&id=1&court_cat=1&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн