ӨВИЙН МАРГААНЫГ ОНЦГОЙ АЖИЛЛАГААНЫ ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХГҮЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, 2025.11.10, 193/ШЗ2025/04555
Процессын тоймын дугаар,огноо: №1, 2025.11.28
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Иргэн П.С нь өв хүлээн авах хугацааг сунгуулж, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагчийн дээрх хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хүсэлт мөн эсэхийг анхаарч үзнэ.
Иргэн П.С нь хүсэлтдээ талийгаач аавын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан ба талийгаачийн хууль ёсны өвлөгч П.Н байгаа талаар дурджээ.
Хүсэлт гаргагч П.С-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134, 135 дугаар зүйлд заасны дагуу онцгой ажиллагааны журмаар зөвхөн нэг талын хүсэлтээр шүүх хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй.
Онцгой ажиллагааны журмаар гаргасан хүсэлтэд эрх зүйн маргаан байхгүй учир хариуцагч тал байх боломжгүй, мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй юм.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч байхаар хуульд заасан. Учир нь талийгаачийн хууль ёсны өвлөгч болох П.Н нь хуульд зааснаар маргаан үүсгэх боломжтой тул уг шаардлага нь хариуцагчид хамааралтай материаллаг хуулийн хүрээнд шийдвэрлэх маргаан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Тойм бэлтгэсэн: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг