Шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нөлөөлдөг үү?

2016-01-12     


Монгол Улсын Ерөнхийлөгч "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг 2015.12.11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжээд байгаатай холбогдуулан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тогтолцоог оновчтой бүрдүүлэх нь” бодлогын судалгааг хийсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатартай ярилцлаа.
 
-Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүхэд ямар үүрэг оролцоо, ач холбогдолтойг та тайлбарлахгүй юу?
 
- Тийм л дээ. "Шүүхийн” иргэдийн төлөөлөгч гэх ойлголт анх 2012 онд хууль тогтоомжид орж ирсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2012.05.22-ны өдөр "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг шинээр баталсан цагаас энэ ойлголт түгээмэл хэрэглэгдэх боллоо. Өмнө нь 1992 оны Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2-т "анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж заасантай холбоотойгоор 2002 оны процессын хуулиуд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "иргэдийн төлөөлөгч” гэх томьёоллоор орсон. "Ардын төлөөлөгч” гэж та сонсож байсан байх. 1926 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аливаа шүүх таслах газруудыг байгуулах дүрэм, 1940, 1960 оны Үндсэн хуульд шүүхэд хэрэг шүүн таслах явдлыг ардын төлөөлөгчдийг оролцуулан байнгын шүүгч нар гүйцэтгэх талаар зохицуулж ирсэн.
 
- Монгол Улсаас бусад улсад шүүхийн иргэдийн төлөөлөгчийн харилцааг хэрхэн зохицуулсан байдаг бол?
 
-Энэ асуудлаар улс орнууд тусгайлсан хууль тогтоомжтой байдаг. Тухайлбал, Японд "Эрүүгийн хэрэг шүүн таслах үйл ажиллагаанд мэргэжлийн бус шүүгчийг оролцуулах тухай” 2004 оны хууль, АНУ-д "Тангарагтны шүүхийн тухай” 1968 оны хууль, БНСУ-д "Эрүүгийн хэргийн шүүх ажиллагаан дахь иргэний оролцооны тухай” 2007 оны хууль бий. Харин ийм бие даасан хуульгүй ч бусад хуульд энэ талаар зохицуулсан улсууд бий. Жишээ нь ХБНГУ-д "Шүүх байгууллагын тухай” 1879 оны хууль, ОХУ-д 2002 оны "Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д иргэдийн төлөөлөгчийн харилцааг тодорхой зүйлүүдээр зохицуулсан. Энд дурьдсан улсууд шүүхийн иргэдийн төлөөлөгчтэй холбоотой эрх зүйн асуудлыг багцлан зохицуулсан байдаг. Ийм зохицуулалтад шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эцсийн бөгөөд гол ач холбогдолтой үйл ажиллагааг шүүх хуралдаанд дүгнэлт гаргах, танилцуулах гэж үздэг.
 
- Тэгвэл Монгол Улсад шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хэр нөлөөлж байна вэ?
 
- Эрх зүйн үнэт зүйл, зохицуулалт ёсоор хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглодог. Харин шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг шүүхэд нөлөөлөх гэж үзэхгүй, түүнийг шүүн таслах үйл ажиллагааны нэг үе шат гэж харах нь зөв л дөө.
 
Зөвхөн 2015.07.01-нээс хойш шүүхээс 15 мянга орчим шийдвэр гаргасан байна. Энэ бүхнийг нэгтгэн дүгнэхэд хэцүү л дээ. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс эрхлэн бэлтгэсэн "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл-I боть”-д орсон 77 шийдвэрээс шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 14 шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн үнэлснийг харж болох байх.
 
Эндээс харахад Монгол Улсын шилдэгт тооцогдож буй эрүүгийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үнэлэх асуудал орхигдож байгаа тал ажиглагдаж байгаа. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх үнэлэх, шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хэрхэн тусгагдаж байгааг тодорхойлох асуудал шийдэл хүлээж байна.
 
- Таны саяын дурьдсан асуудлыг "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд зохицуулж уу?
 
- Энэ хуулийн төсөлд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэд ихээхэн ач холбогдол өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргахдаа хүлээн авч байгаа эсэх, хүлээж аваагүй бол ямар шалтгаанаар хүлээн авах боломжгүй байсан гэдгээ тайлбарлан, шүүхийн шийдвэрт үндэслэлээ тусгаж байх, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэн бол хэргийн оролцогчид энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж болохоор тусгасан байна. Тус хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хувьд эрх зүйн ухамсар дээшилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн саналыг сонсож, түүнд үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр улам чанаржих, шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн идэвх, оролцоо, хяналт, итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой байна. Харин төсөлд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон ч агуулгын шаардлагыг орхигдуулсан гэж үзэж болохоор байна. Учир нь процессын хуулиудад иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг судалж үнэлсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах, хэргийн үйл баримт, зохигчийн/хэргийн оролцогчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргахталаар зааснаар өөрөөр зохицуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгын шаардлагад гэм буруугийн талаар бичсэн байх, энэ шаардлагыг хангаагүй буюу бүрэн бус хангасан дүгнэлтийг шүүх хэрхэн үнэлэх, засвар оруулахыг шаардах эсэх асуудал нээлттэй үлдэж байна.
 

Эх сурвалж: "Ардчилал” сонин 2016.01.12 № 006 /2353/