“Нээлтэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн бие даасан, ил тод нээлттэй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дүүргийн Соёлын төвийн урд талбайд дүүргийн төрийн байгууллага, аж ахуйн нэгж, дүүргийн 1-7 дугаар хорооны иргэд, “Буян-Налайх” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулан “Нээлттэй шүүх” өдөрлөгийг 100 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр тус шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нараас Шүүхийн тухай багц хуулиуд болон шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч, 20 гаруй иргэдэд газар дээр нь хүссэн мэдээ мэдээллийг өгч, иргэдийг гарын авлагаар хангаж ажиллалаа.
Мөн Иргэдийн дунд “Аха” асуулт хариултын тэмцээн, “Нээлттэй шүүх” 4-8 мөрт шүлгийн уралдааныг зохион байгуулж, “Аха” тэмцээнд Налайх Дулааны станц ТӨҮГ-ын инженер Б.Ганзориг түрүүлж тэргүүн байр, дэд байрыг иргэн Ц.Эрдэнэбат, Шүлгийн уралдаанд иргэн Б.Ганзориг түрүүлж тэргүүн байр, сурагч А.Алтансүлд тусгай байрыг тус тус эзэлжээ.
Цаашид хууль эрх зүй, шүүхийн үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, гарын авлагаар хангах, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах өдөрлөгийгтогтмол зохион явуулж, хуулийн өөрчлөлт шинэчлэлийн талаар олон нийтэд мэдээлж байх нь ач холбогдолтой ·байна гэсэн иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч хууль сурталчлах, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлыг улам чанаржуулах, иргэдэд хүссэн мэдээллийг нь түргэн шуурхай олгож ажиллахаар зорилт тавьж байна.
Шүлгийн уралдаанд ирүүлсэн шүлгүүдээс:
“Хууль”
Хууль үгүй бол хүн араатан адил
Хүн үүсэхдээ ямар байсан тэрэн адил
Хууль бол бичээд хаядаг цаас биш
Хууль бол хөгжлийн түлхүүр
Сурагч А.Алтансүлд /13 настай/
“Нээлттэй шүүх”
Нийгмийн харилцааны аливаа маргааныг
Нөлөөнд авталгүй хуулийн дагуу шийдвэрлэж
Нийт олондоо эрх тэгш үйлчилдэг
Нээлттэй шүүх иргэдийн шударга шүүх ээ
/Иргэн Б.Ганзориг/
“Шүүх”
Хүний орчлонгийн үнэн худалыг
Хуулийн дагуу шийдэж өгдөг
Өнгөт хорвоогийн үнэн мөнийг
Өргөст торноос аварч хамгаалдаг
Худал хуурмагийг тас цохиж
Хулгайч худалчийн багийг хуулан
Тэгш шударгыг цогцлон бүтээж
Таны, миний төлөө бат зогсдог шүүхийнхэн
/Налайх дүүрэг 1 дүгээр хорооны иргэн Д.Оюунцэцэг/
“Нээлттэй шүүх”
Алтан ургын хаадын агуу билэгт ухааныг өвлөсөн
Ардчилсан Монголын шүүгч билээ
Үнэнийг тунгааж зөвийг хэлэх
Үе үеийн билэгтэн билээ
Ихийг нь зөвтгөж багийг нь буруутгалгүй
Их төрийг шүүгч билээ
/Налайх дүүрэг 2 дугаар хорооны иргэн М.Даваацэцэг/
“Шүүгч та”
Төрт улсын тулах багана
Түмэн олны эрхэм түшиг шүүгч та
Хуулиа дээдлэх ганцхан тангарагтай
Худал үнэний шударга дэнс
/Иргэн Ц.Эрдэнэбат/
“Нээлттэй шүүх”
Ариун бусыг хянаж
Агуу зууныг бүтээж
Аюул ослоос хамгаалж байг
Ардчилсан чөлөөт шүүх байгууллага
Нээлттэй шүүх байгууллага
Нэгэнт иргэдийг хамгаалж
Хэнээс ч хараат бус байх, ариун журамт үүрэгтэй
Зөвхөн ард түмний төлөө зүтгэгчид билээ
/Налайх дүүрэг 4 дүгээр хорооны иргэн Б.Ганчимэг/