Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн дарга ноён Жиованни Легнинигийн урилгаар 2015 оны 05 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн дарга ноён Жиованни Легнинитэй уулзаж 2014 оны 06 дугаар сард хоёр байгууллага хоорондын байгуулсан санамж бичиг хамтын ажиллагааны талаар болон тодорхой асуудлуудаар санал солилцож, ярилцав. Уулзалтын үеэр Монгол улсаас 10 шүүгчид 2015 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Итали Улсад богино хугацааны сургалтад хамруулж, БНИУ-ын болон Европын холбооны гишүүн орнуудын эрх зүйн орчин, шүүхийн тогтолцоо, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэгдсэн мэргэжил дээшлүүлэх, ажлын туршлага солилцох болон бусад чиглэлээр сургалт зохион байгууллахаар харилцан тохиролцлоо. Мөн Бүгд Найрамдах Итали Улсаас тус улсын Шүүхийн дээд зөвлөлийн гишүүн, Итали Улсын шүүгч, шүүгч багш, эксперт, эрдэмтэд Монгол улсад албан айлчлал хийж хоёр улсын шүүхийн захиргааны дээд байгууллага хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцлаа.
Дашрамд дурьдахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Бүгд Найрамдах Итали Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч ноён Алессандро Крискуоло, Итали Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч ноён Жиоржио Сантакроче, Итали Улсын Ерөнхий прокурор ноён Паскуале Чикколо, Ром хотын Давж заалдах шатны шүүхийн Ерөнхийлөгч ноён Лучиано Панзани нартай тус тус уулзалт хийж, Үндсэн хуулийн хяналт, шүүхийн тогтолцооны хөгжил, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, цаг үеийн тулгамдсан асуудлаар болон хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлэв.
Шүүхийн гадаад харилцааны хэлтэс