Ганцаарчилсан сургалтад оролцсон шүүгчид ярьж байна

2015-05-13     

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгч Л.Энхбилэг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс 2015 онд шүүгчийн сургалтыг олон хувилбараар зохион байгуулж байгаагийн нэг шинэлэг хувилбар нь "Шүүгчийн ганцаарчилсан " сургалт байлаа.
 
 
Шүүгч болгон эрдэмтэн болох албагүй, харин шүүгч болгон шүүхийн шийдвэрт анализ хийж, хууль хэрэглээний талаар байнга уншиж судалж өөрийн ур чадвараа хөгжүүлэхэд анхаарах ёстой. Энэ ч үүднээс шүүгчийн ганцаарчилсан сургалт нь чөлөөт сонголтоор, өөрөөр хэлбэл тухайн шүүгч өөрөө сонгож суралцаж байгаагаараа онцлог байлаа. Нэг талаас энэ сургалт богино хугацаатай юм шиг боловч сургалтын зорилтын хүрээнд боломжийн санагдсан.
Энэ сургалт нь багш төвтэй бус суралцагч төвтэй өвөрмөц арга зүйтэй шинэлэг хэлбэрийн сургалт болсонд суралцагчийн хувьд талархаж байна.
Богино хугацаанд их зүйлийг мэдэж ур чадвараа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж суралцах төлөвлөгөөгөө сурагцагч өөрөө боловсруулж, сонирхсон сэдвийнхээ хүрээнд уншиж судлах ном зохиол, эрдэмтдийн бүтээлийн жагсаалт гаргаж, түүнээс мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг эмх цэгцтэй боловсруулж бүтээл болгох аргачлалд суралцлаа.
Сургалтын хугацаанд тус хүрээлэнгийн зөвлөх С.Алтанхуяг, судлаач Т.Түмэнцэцэг, Л.Галбаатар, Ц.Мандах нараас өөрийн сонгосон сэдвийн хүрээнд зөвлөгөө авч хамтран ажилласны үр дүнд сургалтын хөтөлбөр боловсруулж өөрийн ажиллаж байгаа шүүхийн шүүгч, шүүгчийн туслахуудад сургалт зохион байгуулахаар болов.
 
 
 
Сургалтын хэлтэс