Шүүхэд баярлалаа 2015.04.07

2015-04-10     

Миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд мөнгөний асуудлаар нэхэмжлэл гаргасан. Хэвлэл мэдээллээр шүүхийг шинэчлэгдэж өөрчлөгдөж байгаа гэж их л сонссон. Үнэхээр шинэчлэгдэж өөрчлөгдсөн нь мэдрэгдсэн. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шүүх рүү анх ороход л шүүхийн тахар намайг хүндэтгэн босож, хүлээн аваад хэнтэй уулзах ямар хэргээр явааг эелдэгхэн нь асуугаад мэдээлэл лавлагааны ажилтантай уулзахыг зөвлөж тэр өрөөнд нь оруулж өгсөн. Мэдээлэл лавлагааны ажилтан гээд өндөр зэгзгэр нуруутай, сайхан зан ааштай охин инээмсэглэн угтаж, нэхэмжлэлийг минь хүлээж авахад  үнэхээр дотор онгойгоод цэлмээд ирсэн. Хэрэг минь бүтэх юм байна гэсэн итгэл төрсөн. Шүүх рүү алхаж явахдаа шүүх хуулийн байгууллага шүү дээ хүлээж авахгүй гээд буцах вий дээ гэсэн айдастай явснаа юуг нь нуух вэ. Гэтэл санаснаас шал өөр байсан. Учир нь хууль шүүхийн байгууллагаар явж зарга зайлхаа хийж яваагүй, хууль дүрэм ямар байдгийг мэдэхгүй жирийн ажилчин иргэн надад үнэхээр сайхан санагдаж шүүхэд итгэх итгэл минь сэргэсэн. Шүүх хуулийн байгууллага чинь үнэхээр иргэнээ гэсэн бидний төлөө ажилладаг юм байна. Хэнийг ч алгачилалгүй хүлээж авдаг юм байна гэж бодсон. Энэ тухай ч ойр тойрны хүмүүстээ ярьж бахархаж байна.
 
           
              Нэхэмжлэлийг маань дор нь хүлээж аваад л шууд тэр шүүгчид хуваарилагдсан та тэд дэх өдөр ирж туслах тэрэнтэй нь уулзаарай гээд хаана хэнтэй хэдийд уулзахыг бүр хэлээд өгсөн. Тэр нь надад дахин дахин ирээд чирэгдэл болохгүй амар байсан. Тэгээд ир гэсэн өдөр нь ирэхэд мөн л нөгөө тахар гэх дэвхийсэн сайхан сүр бараа ч ихтэй залуу инээмсэглэн босож угтаад бичиг баримтыг минь шалгаад хүзүүнд минь ногоон тууз зүүж өгөөд шүүгчийн туслахтай уулзах зөвшөөрөл олгож дотогш нэвтрүүлсэн. 2 давхарт нөгөө зааж өгсөн туслахтай нь уулзахад их эелдэг инээмсэглэн өөрийгөө танилцуулаад  хууль мэдэхгүй намайг сэнхэртэл эрх үүргийг минь тайлбарлан шүүх ажиллагаанд яаж оролцохыг ой тойнд минь ортол тайлбарлаж өгсөн. Ямар ч сайхан ярьж ойлгуулдаг юм. Тэгэж явсаар би маргаантай байсан хэргээ шийдүүлж ойлголцохгүй байсан хүнтэйгээ ойлголцож нөгөө хүнээсээ авах ёстой авлагаа бүр аваад  хэн хэндээ санах бодох зүйлгүй гар бариад салцгаасан.
 
Шүүх хуулийн байгууллага гэдэг үнэн зүйлийг үнэнээр нь голыг нь олоод бидний эрхийг хамгаалж өгдөг буянтай газар юм байна. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь ч зан харьцаа сайтай, ард иргэд биднийг өмссөн зүүсэн, зүс царай, өнгө мөнгөөр ялгаварлаж үздэггүй, эрх тэгш харьцдаг, хурдан шуурхай ажилладаг сайхан газар юм байна гэсэн эерэг бодол төрсөн шүү.
 
Энэ шүүхийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний ажил амьдрал улам дэгжин дээшилж, ард иргэд биднийхээ зөрчигдсөн эрхийг үнэнч шударгаар хамгаалж байгаа ажил үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе. Та бүгдийг төрийн сүлд өршөөж байх болтугай.
Баярлалаа.
 
Нэг зүйлийг нэмж хэлэхэд: Би тухайн хүмүүсийн нэрийг бичсэнгүй. Шүүгчийн туслах надад хууль номыг сайтар ойлгуулж тайлбарлаж шүүгч, шүүхийн ажилтанд нөлөөлж болохгүй гэсэн учраас үүнээс сэрэмжлэн нэрийг нь хэлсэнгүй түүнээс биш нэртэй устай нь бичмээр, хэлмээр л байлаа.
 
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн М.Тодбаяр