Хамтарсан уулзалт 2015.03.20
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчид 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгуулж санал солилцсон ба цаашид анхаарах асуудал болон хамтран хийх ажлын талаар ярилцав. Үүнд:
1.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Нийгмийн даатгалын хэлтэс болон шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж байгаа иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаар
2.Шүүхээс хүүхдийн эцэг, эхийг тогтоосон шийдвэр, Засаг даргын захирамжаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон байдлыг үндэслэн иргэдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоход гарч байгаа маргааны талаар
3.Иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль бусаар авах болсон талаар ярилцлаа.
Хамтарсан уулзалтын үр дүнд дараах ажлыг хийхээр тогтов.
Иргэд шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өмнө Нийгмийн даатгалын хэлтэст хандан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргадаг. Энэ нь ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журамд нийцэж байна. Иймд иргэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өмнө Нийгмийн даатгалын хэлтэст хандах ба тус байгууллагаас иргэдэд тэтгэвэр тогтоолгоход ямар бичиг баримт бүрдүүлэх, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон шалтгаан нөхцлийн талаарх хариуг бичгийн хэлбэрээр өгч байх нь зүйтэй гэж тогтлоо.
Мөн иргэн тэтгэвэр тогтоолгоход шаардагдах барим бичиг, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоход бүрдүүлэх нотлох баримтын талаар болон хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус шийдвэр гаргуулсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар танилцуулга, гарын авлага гаргахаар болов.