Маргааныг хэрүүлээр бус эвээр шийдвэрлэхэд тусалсан эвлэрүүлэн зуучлагчид баярлалаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монгол Улсын шүүхийн 2014 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ”-нд Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 2014 онд өмнөх оноос 3,7 хувиар буурсан нь Улсын Их Хурлаас 2012 онд баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу иргэд, хуулийн этгээд маргаанаа эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлсэнтэй холбоотой гэж дурджээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр маргаанаа зохицуулах хүсэлт гаргасан иргэд “Эвлэрлийн гэрээ” байгуулах нь ихсэж байна. Тухайлбал 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Л.Пүрэвжаргал, П.Дүгэрмаа нар “Эвлэрлийн гэрээ” байгуулж, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний талаар сэтгэгдлээ ярьсан юм.
Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа талуудын хамт
Иргэн Л.Пүрэвжаргал: Өнөөдөр анх удаа танай шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд оролцож өөрт тулгамдсан асуудлыг шийдүүллээ. Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, туслах ажилтан Д.Алтаннавч гэсэн шүүхийн ажилтнуудаас хууль, эрх зүй зөвлөгөө заавар авсан. Эвлэрүүлэн зуучлалын хугацаа бол шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанаас маш бага юм байна. Ингээд ойлголцохгүй байсан зүйл, хууль зүйн талаар тайлбарлан өгч их туслалцаа үзүүллээ. Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулан бид хоёрын хууль, эрх зүйн мэдлэгт туслалцаа өгсөн шүүхийн ажилтнууддаа баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Иргэн П.Дүгэрмаа: Шүүхийн байгууллагад ийм эвлэрүүлэн зуучлагчтай анх удаа танилцлаа. Хүн бүрийн амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын дунд мөнгө төгрөг авах, өгөх гэх мэт. Ялангуяа хувь хүмүүсийн дунд энэ эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж байгаа нь хамгийн зөв арга байна. Шүүх, цагдаагийн байгууллага гэхээр айж эмээх зүйл жирийн иргэдийн дунд их байдаг. Гэтэл эвлэрүүлэн зуучлагч бол хүмүүсийг хооронд нь урьдчилан эвлэрүүлэх боломжийг бүрдүүлсэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Өөрт тулгарсан асуудлаа заавал хэрүүл маргаанаар бус эвийн журмаар шийдэх боломжийг бүрдүүлжээ. Мэргэжлийн хүмүүс хүлээн авч хуулийн дагуу зааварчилгаа өгч, бичиг баримт бүрдүүлж богино хугацаанд асуудлыг шийдэж байна, энэ шийдвэр нь шүүгчийн захирамжаар баталгаажиж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх нь маш их таалагдлаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Шүүхийн тамгын газар
Талууд “Эвлэрлийн гэрээ” байгууллаа.
2015.01.28