ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЭГҮЙ ОРХИГДУУЛСАН НЬ НОЦТОЙ ЗӨРЧИЛ БОЛНО

2024-01-11      382

Шийдвэрийн дугаар: 2024.01.11-ний өдөр №2024/ШЗ/02

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй, 2024.01.11, процессийн хураангуй: Дугаар 1, гомдол гаргах эрхтэй

 

Яллагдагчаас мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг прокурор шийдвэрлээгүй нь “оролцогчийн эрхийг хангаагүй” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно.

Яллагдагч “Х” ХХК-ийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ болон хэргийн материал танилцсан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 32.1 дүгээр зүйлийн 6.2-т зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасан байна. /хавтаст хэрэгт болон урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т,  32.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол, мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргахаар хуульчилсан.

Гэтэл прокурор, мөрдөгч яллагдагчийн хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр  гаргалгүй яллагдагчийн эрхийг хязгаарласан байна.

Яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь баталгаатай эдлүүлж, улмаар тухайн эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэх болон хамаарах бусад гомдол, хүсэлт гаргах эрхийг бүрэн эдлүүлэх, тус эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжоор бодитой хангаагүй байхад нь яллагдагчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй.    

Иймд шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Багахангай дүүрэгт төмөр боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-д прокуророос Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах”-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан