МӨРДӨГЧИД ХАХУУЛЬ ӨГСӨН ХЯТАД ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ

2023-11-02      461

Шийдвэрийн дугаар: 2023.10.30-ны өдөр, №2023/ШЦТ/16

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй, 2023.11.01 шийдвэрийн хураангуй: Дугаар 3

 

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Х-ийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааг зогсоох зорилгоор мөрдөгчид 2 сая төгрөгийн хахууль өгсөн” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх) зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч Х-г “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хахуульд өгсөн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг улсын орлого болгож  шийдвэрлэв.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан