АРХАНГАЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ “ЦАГААН ДАВАА”-НЫ ОРЧИМ ГАРСАН ОСЛЫН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2023-11-01      967

Шийдвэрийн дугаар: 2023.10.30-ны өдөр №2023/ШЦТ/15

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй, 2023.11.01 шийдвэр-хураангуй: Дугаар 2

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр хянан хэлэлцлээ.

Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр; 

Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгов.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэв. 

 

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан