ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ БУСДЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХЭД ХАЛДАХГҮЙ

2023-08-30      801

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар : Нийслэлийн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.05.22, 104/ШЗ2023/00257

Тоймын дугаар, огноо: №5  2023-08-24

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Агуулга: Нэхэмжлэгч Баярмаа хариуцагч Норовт холбогдуулан Тэрэлжид байрлах эзэмшил газарт нь орц гарц гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан

Хариуцагч Норов нэхэмжлэгчийг зундаа амрагчид авч шуугиан үүсгэдэг, амрагчид нь манай хашаагаар дамжин гол уруу очиж хог хаягдаг, амгалан тайван байдал алдагдуулдаг гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Баярмаа, хариуцагч Норов нарын газар давхцаагүй,  нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил газрын урд хил залгаа 500 м.кв газрыг эзэмшдэг, нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарц урд талдаа байхаар газар зохион байгуулалт хийгдсэн, нэхэмжлэгч Баярмаагийн газар нийтийн эзэмшлийн зам, талбай, ундны усны худаг руу хүрэх гарцгүй болсон байдал үүсээгүй болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 106 дугаар 106.2., Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй 106.4. Энэ хуулийн 106.2, 106.3-д “хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

Хариуцагч Норов өөрийн газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч Баярмаагийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй байх тул орц гарц гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос :

https://shuukh.mn/single_case/127048?daterange=2023-01-01%20-%202023-08-30&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа