ХАМТ АРХИ УУСАН ХҮНИЙХЭЭ ХААН БАНКНЫ КАРТЫГ НУУЦААР АВЧ АТМ-ЭЭС МӨНГӨ АВСАН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ.

2023-03-15      741

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх, 2023.01.05, №06 дугаартай шийдвэр

Шийдвэрийн тойм №5, 2023.03.07

Шийдвэрий төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн А нь иргэн Г-гийн Хаан банкны картыг нууцаар авч, улмаар түүнээс салж явсан даруйдаа үйлчилгээний төвд байрлах АТМ-аас тухайн картыг ашиглан 5.000.000 төгрөгийн зарлага гарган авсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд хөрөнгө, эд зүйлийг нууцаар, хууль бусаар өөртөө авахыг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор заасан.

Прокуророос иргэн А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тохиролцон, хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд Эрүүгийн хуульд зааснаар 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх , эсхүл зургаан сараас таван  жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан.

Шүүх иргэн А-г бусдын банкны картыг хулгайлан авч, АТМ-аас 5.000.000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай гэж дүгнээд прокурорын санал болгосон 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/84150?daterange=2023-01-01%20-%202023-03-07&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд