ХАРИУЦАГЧИЙН ТАЙЛБАР, БАРИМТ НЬ ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭХЭД АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022-10-10-ны өдрийн 189/ШЗ2022/00132 дугаар шүүгчийн захирамж
Процессийн тоймын дугаар, огноо: №1, 2023-03-07
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс Х ХХК-аас авсан зээлтэй холбоотой Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа үндэслэлээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х ХХК нь ...ХХК-д зээл олгосон, хувь иргэнд зээл олгоогүй, хариуцагчаар оролцож буй ...ХХК-д холбогдуулан эрүүгийн журмаар шалгасан баримт хэргийн материалд авагдаагүй тул хүсэлтийг хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх тайлбар өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасан байна.
Шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ирүүлсэн эрүүгийн журмаар мөрдөн шалгаж байгаа албан бичигт хувь иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл