ХҮҮХЭД ХАЗАЖ ГЭМТЭЭСЭН НОХОЙН ЭЗЭНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2022.10.25, №193 ШТ
Шийдвэрийн тойм №4, 2023.02.14
Шийдвэрий төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Иргэн Д нь хашаандаа эр, эм хоёр төвд банхар нохойг 2 жилийн хугацаагаар тэжээж, зохих хүзүүвч, хамгаалалтыг хэрэглэдэг байсан боловч түүнийг гэртээ байхгүй эзгүй үед нохойнуудынх нь хүзүүвч суларч тайлагдан, нохойнууд нь хашааныхаа доогуур газар ухан гарч, гудамжинд тоглохоор явж байсан 8 настай хүүхэд рүү дайрч, урж хазан, хүүхдийн биед толгойн хуйх, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд шарх, хүзүү, нуруу, бүсэлхий, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.
Дүүргийн прокурорын газраас иргэн Д-г Эрүүгийн хуульд заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Зөрчлийн тухай хуульд зааснаар орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохой, муур зэргийг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулбал торгох шийтгэл оногдуулах бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, эсхүл хохирогч нас барсан тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Иргэн Д нь орчиндоо аюул учруулж болзошгүй нохойнуудыг зохих хамгаалалтгүй буюу бусад хүмүүс рүү дайрч довтлох, хазах, урах, гэмтээх зэрэг үйлдлийг хязгаарласан, хамгаалсан бэхэлгээ, саадыг бусдад аюул учруулахааргүй байршуулалгүй байлгасны улмаас бага насны хүүхдийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуульд заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Д-г анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хүүхдийн эмчилгээний зардал, эм тарианы мөнгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний болон гоо сайхны зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/84942?daterange=2022-01-01%20-%202023-09-05&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал