ОЛСОН БОЛГОН ОЛЗ БИШ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2022.08.05-ны өдөр,№2022/ШЦТ/10
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №1, 2023.01.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Прокуророос иргэн Б-г “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Иргэн Б нь нийтийн бие засах газарт Д-н мартаж үлдээсэн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “I-phone” загварын гар утсыг олж, бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөө авч ашигласан нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуульд зааснаар, бусдын санамсар, болгоомжгүйгээр гээгдүүлсэн эд хөрөнгийг өөрийнх биш бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж олж авч ашигласан, захиран зарцуулсан бол “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн, энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 450.000-2.700.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заасан байна.
Шүүхээс, шүүгдэгч Б-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо биет байдлаар нь буцааж өгсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б-д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:
https://shuukh.mn/single_case/81196?daterange=2022-01-01%20-%202022-08-08&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан