БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭМЭГТЭЙ ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ ПРОКУРОРЫН САНАЛЫГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАВ.

2023-01-31      627

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх, 2022.11.23, №2022/ЦХШЗ/49

Процессын тоймын дугаар, огноо: №1, 2023.01.31

Шийдвэрий төлөв: Хүчин төгөлдөр болсон

 

Прокуророос яллагдагч Б  залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн яллагдагчаар татсан бөгөөд түүнийг “... дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, цаашид уг гэмт хэргийг цахим орчинд дахин үйлдэж болзошгүй байна” гэх үндэслэлээр цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” тохиолдолд яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргахаар заасан бөгөөд энэ нөхцөл хангагдсан нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх, мөн яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх хэрэгт авагдсан баримтуудыг судлан, дүгнэлт хийж шийдвэр гаргадаг.

 

Шүүх яллагдагч Б нь өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөвөөр мэдүүлсэн, дахин цахим орчинд залилах гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаарх баримт, мэдээлэл хэрэгт авагдаагүй, тодорхой ажил эрхэлж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, бага насны нэг хүүхэдтэй, эмэгтэй яллагдагч зэргийг харгалзан прокурорын гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал