ФЕЙСБҮҮКЭЭР БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО ГЭЖ БУСДЫГ ЗАЛИЛСАН ИРГЭНД ЯЛ ОНОГДУУЛАВ.

2023-01-12      527

Шийдвэрийн дугаар: 2022.11.04 2022/ШЦТ/202

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.01.12 шийдвэр-хураангуй: Дугаар 3

Иргэн Б нь цахим орчинд “Барьцаагүй зээл” нэртэй фейсбүүк хаяг нээж  иргэн А-тай 7 сая 500 мянган төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр олгоно гэж хууран иргэн  А-аас  зээл олгохтой холбоотой зардал гэж  875,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар өөрийн өмчлөлд шилжүүлэх үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцохоор заасан.

Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 450-14000 нэгжээр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан бөгөөд шүүхээс иргэн Б-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй ганц бие эх зэрэг хувийн байдлыг харгалзан 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх иргэн Б-ийг  “цахим хэрэгсэл ашиглан харилцан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг  үйлдсэнд тооцож гэм буруутай гэж дүгнэв.

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/81709?daterange=2021-12-22%20-%202023-01-19&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд