АВТО МАШИНЫ ТОЛИНООС БАРЬЖ БАЙСАН ХҮНИЙГ ЗОРИУД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОН ГЭМТЭЭЖЭЭ
Шийдвэрийн дугаар: 2022.11.28 2022/ШЦТ/216
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023.01.11 шийдвэр-хураангуй: Дугаар 1
Иргэн С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашины зогсоол дээр иргэн Ц-тэй маргалдан, Ц-г өөрийг нь явуулахгүй гэж автомашины жолооч талын толиноос барьсан байгааг мэдсээр байж автомашиныг жолоодон хурдтай явж иргэн Ц-г зам дээр чирч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар бусдын эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүхээс иргэн С-ийг тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа санаатайгаар иргэн Ц-д гэмтэл учруулсан гэм буруутай гэж дүгнэж шүүхээс иргэн С-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан шалгуур шинжээр тодорхойлдог. С нь тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа хүн чирэгдэх аюултайг мэдсээр байж зориуд автомашиныг хөдөлгөөнд оролцуулсан нь Ц-гийн эрүүл мэндэд учрах хохирол, хор уршгийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн байдлаар тодорхойлон гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцож гэм буруутай гэж дүгнэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:
https://shuukh.mn/single_case/82739?daterange=2022-01-01%20-%202023-01-10&id=1&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд