Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

2018-03-19     

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2018 онд сонгогдон шалгарсан иргэдийн төлөөлөгчдөд зориулсан нэгдсэн сургалтыг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхим, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимд хоёр ээлжээр буюу 10:00, 14:00 цагуудад зохион явуулж, сургалтанд тус дүүргийн 1-7 дугаар хорооноос сонгогдсон иргэд, 2017 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөл, хороодын засаг дарга зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.
 
           
           Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан шүүхийн иргэдийн төлөөлөгчид зориулсан 2018 оны сургалтын хөтөлбөрийн дагуу “Монгол Улсын шүүхийн тогтолцоо”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаарх эрх зүйн зохицуулалт”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх”, “Иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага”, “иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах”, “тангараг өргөх”, “хөлс олгох журам”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо” зэрэг сэдвүүдээр шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Энхчимэг, шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаяр, Б.Мөнгөншүр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар нар сургалт явууллаа.
 
 
            Мөн иргэдийн төлөөлөгч  дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулж, гарын авлага, бичгийн хэрэгслээр ханган ажиллалаа.
           Түүнчлэн 2017 онд сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөл оролцож шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах эрх, үүрэгтээ хариуцлагатай, хүндэтгэлтэй хандаж, шүүн таслах ажиллагаанд идэвх, зүтгэлтэй оролцохыг нийт төлөөлөгчдөд уриаллаа.
          Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалт амжилттай зохион байгуулагдаж, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, шүүх хуралдаанд идэвхтэй оролцох уриалгыг дэмжсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
 
 
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР