Багахангай дүүрэгт нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар нь Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн эрх зүйн туслалцааны төвтэй хамтран тус шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг, шүүгчийн туслах Б.Мөнгөншүр, Ц.Байгалмаа, Д.Амарзаяа, О.Даваажаргал, Б.Батцэцэг, эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Ичинхорлоо, мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Алтанбагана нарын бүрэлдэхүүнтэйгээр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2017 оны 11 сарын 09-ний өдөр зохион байгуулж, мэдээлэл, сургалт хийж, өргөдөл, нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлж иргэдийг гарын авлага, материалаар ханган шүүхийн үйлчилээг түргэн шуурхай хүргэж ажиллалаа. Тус өдөрлөгт дүүргийн төрийн байгууллагын албан хаагчид, иргэд нийт 100 гаруй хүн оролцлоо.
Тус шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн гэмт хэрэг, иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээ, шүүхийн шинэтгэлийн үр дүнг танилцуулснаар мэдээлэл, сургалтын арга хэмжээ эхэлсэн юм.
Шүүгчийн туслах Б.Мөнгөншүр, Ц.Байгалмаа нар 2017 оны 07 дугаар сарын 01-нээс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хууль, 2017 оны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн онцлог, давуу тал, ач холбогдол, уг хуулиудаар хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх баталгааг хэрхэн бүрдүүлсэн болон хүний эрхийн стандартад нийцүүлсэн ямар ямар харилцааг зохицуулсан талаар мэдээлэл хийлээ.
Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, түүний туслах Б.Ичинхорлоо нар эвлэрүүлэн зуучлалын давуу тал, ач холбогдол, онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны мэдээг танилцуулж, 6 өргөдлийг хүлээн авч уулзалтыг газар дээр нь зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилттай дуусгалаа.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг, шүүгчийн туслах Д.Амарзаяа нар тус дүүргээс ихэвчлэн иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлж байгаа хэргийн талаар танилцуулж, онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог, түүнчлэн шүүхэд гаргах нэхэмжлэл, хүсэлтийн бүрдүүлбэрийн талаар дэлгэрэнгүй ярьж, тайлбарлалаа.
Улмаар Налайх, Багахангай дүүрэг хоорондоо 60 км зайтай байдгийн улмаас тэр бүр тус дүүргийн иргэд Налайхад очиж шүүхийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг тухайгаа ярьж, “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулсанд тус дүүргийн иргэд баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ.
Тамгын газар