Шүүхийн захиргааны 55 албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тангарагаа өргөлөө. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл зохион байгуулсан юм.
Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нар, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн төлөөлөл оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нь амьдралд нэг удаа тохиох түүхэн үйл явдал. Төрийн албанд үнэнчээр зүтгэж, хуулиа дээдэлж ажиллахаа тангараглах нь Та бүхний хувьд дурсгалтай, хариуцлагаа ухамсарласан арга хэмжээ юм.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, цаашдын ирээдүйд шүүх эрх мэдлийн салбар чухал үүрэгтэй. Шүүх эрх мэдлийн хөгжилд шүүхийн захиргааны ажилтнуудын хувь, нэмэр ямар чухал вэ гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Шүүхийн тухай багц хууль батлагдаж, шинэтгэлийн 10 үр дүн гарлаа. Шүүхийн шинэтгэлээ баталгаажуулахыг хүсье. Шүүхийн үйлчилгээний нүүр царай нь шүүхийн захиргааны ажилтнууд. Төрдөө, түмэн олондоо шударга, хуулийн дагуу үйлчлээрэй хэмээн захъя” гэлээ.
Үүний дараа шүүхийн захиргааны ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг дуудаж, Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёслоод Төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичгээ гардлаа.
Тангараг өргөх ёслолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хаахдаа төрийн жинхэнэ албан хаагчдад баяр хүргэж, дурсгалын зураг татуулсан юм.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс