Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын 17 дугаар жарны Алтан унжлагат улаагчин гал тахиа жилийн сар шинийн золголт шинийн гуравны /4/ билэгт сайн өдөр боллоо.
Тус шүүхийн тамгын газар ажилтнуудын нийгмийн боловсрол, оюуны хөрөнгө оруулалтад сургалтын танхим шинээр байгуулан энэхүү билэгт өдөр ашиглалтад оруулсан нь хамт олны шинэ оны ажлын эрч хүч урам зоригийг тэтгэсэн баярт үйл явдал болсныг тэмдэглэхэд таатай байна.
2017 оныг өмнө гаргасан амжилт ололтоо бататган, “Оюунлаг шүүх” болох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа шүүхийн хамт олон тав тухтай сургалтын танхимын нээлтээ “Жаргалтайн дэлгэр” Монгол ардын уртын дуу, морин хуурын айзам хөг аялгуугаар билэгт сайны ерөөл өргөн эхлүүлж, энэ ялдамд тус шүүхийн дэргэдэх шүүгчдийн салбар хороо Монголын шүүгчдийн холбооны тэргүүний ажиллагаатай салбар хороогоор шалгарсан өргөмжлөл мөнгөн шагналыг хүлээн авч давхар баяр ёслолын ажиллагаа явагдлаа.
Тэргүүний ажиллагаатай салбар хороогоор шалгарахад шүүхийн шүүгч, ажилтан бүрийн шүүхийн шинэтгэлд идэвхи чармайлттай хичээл зүтгэлтэй гар бие оролцож байгаа болон хамт олон, нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэл, нөр хичээнгүй хөдөлмөрлөсний үр дүн гэдгийг хэлэлцэн дүгнэж, ирж буй онд боловсрол оюуны салбарт илүү анаарал хандуулан ажиллахаар боллоо.
Багахангай, Налайх дүүрэг дэх анхан шатны шүүхийн тамгын газар