“Гибрид шуудан”-гийн туршилтын дүн гарлаа

2016-09-28     


"Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр”-ийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан шуудан хүргэлтийн байгууллагатай хамтран технологийн харилцан холболтын систем бий болгож, шүүхийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй болгох зорилт дэвшүүлж, шүүхийн зарлан дуудах, мэдэгдэх хуудас, шүүх хуралдаанд дуудах хуудсыг "Монгол Шуудан” ТӨХК-иар хүргүүлэх ажлыг туршилтаар нэвтрүүлээд байгаа юм.
 
Энэхүү "Гибрид шуудан”-гийн програм, үйлчилгээг нийслэлийн болон зарим орон нутгийн нийт 14 шүүхийн тамгын газарт хамаарах 40 шүүхэд нэвтрүүлсэн бөгөөд програм, үйлчилгээний үр дүнд дүн шинжилгээ хийж, "Гибрид шуудангийн үйлчилгээг туршсан тухай тайлан” боловсрууллаа.
 
Туршилтын тайланг нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын болон орон нутгийн зарим шүүхийн тамгын газрын дарга нарт танилцуулж, програм, үйлчилгээг хэрэгжүүлэхэд гарч буй алдаа зөрчил, түүнийг арилгах, засч залруулах, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэн, харилцан санал солилцсон ба энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт "Монгол шуудан” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Д.Баттулга урилгаар оролцлоо.
 
Тайлангаас үзвэл, санал асуулгад хамрагдсан шүүгч, захиргааны ажилтнуудын 55.63% нь гибрид шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь "шүүхийн үйлчилгээг хөнгөвчилсөн, дэвшилттэй, үр дүнтэй ажил болсон” гэж үзсэн байна. 
 
 
Шүүхийн захиргааны удирдлагын газар