Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулагдсан 99 шүүх, 40 тамгын газарт шинэ тамга, тэмдэг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр улс орон даяар нийт шүүхүүдэд нэгэн зэрэг боллоо. Багануур, Налайх дүүрэг зэрэг Улаанбаатар хот доторхи болон хотод ойр байрлах тамгын газар, Төв, Говь-Алтай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь шүүхийн тамгын газруудад тамга, тэмдэг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд гардуулж өгсөн бол орон нутаг дахь шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тодорхой албан тушаалтнууд биечлэн очиж, гардуулсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, шүүхүүдийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга С.Санчир, Хүний нөөцийн удирдлагын газрын дарга Л.Өлзийсайхан, Захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхболд, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Наранбилэг, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нар оролцлоо. Энэ үеэр орон нутаг дахь шүүхийн тамгын газруудад тамга тэмдэг хүлээлгэн өгөх үйл ажиллагаатай Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас онлайнаар холбогдож, цаг тухай бүрт нь мэдээлэл авч ажилласан юм. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хархорин дахь шүүхийн тамгын газруудад Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газруудад Судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, Дорноговь, Замын-Үүд, Говьсүмбэр аймаг дахь шүүхүүдийн тамгын газруудад Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул, Өмнөговь, Ханбогд, Дундговь, дахь шүүхүүдийн тамгын газруудад Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Ж.Бат-Амгалан, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймаг дахь шүүхүүдийн тамгын газруудад Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах референт О.Одгэрэл, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт Шүүхийн захиргаа удирдлагын газрын референт Р.Ичинхорлоо нар тус тус тамга тэмдгийг нь биечлэн очиж, гардуулж өгөв.
Энэхүү тамга, тэмдэг гардуулж өгөх ёслолын ажиллагааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ "Монголчууд тамгыг хүндэтгэн, дээдэлдэг ард түмэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас энэхүү арга хэмжээг ийнхүү улс орон даяар нэгэн цагт зохион байгуулж, ёс төртэй гардуулж байгаа нь зүйтэй юм. 7 дугаар сарын 1-ний өдрөөс хууль үйлчлэхтэй холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төлөөлөл аймгуудад бүсчлэн, очиж гардуулж байна. Монголчууд бид тамгыг дээдэлдэг олон зуун жилийн уламжлалтай, 800 гаруй жилийн түүхтэй. Чингис хаан Найман аймгийг эзлэх үе буюу Наху гүний тулалдааны дараа нэгэн хүн тамга авч зугтаасан нь Тататунга байдаг. Тэрээр тамгаар амуу тариа, цалин пүнлүү, түшмэдэд зэрэг дэв олгохдоо баталгаажуулж хэрэглэдэг юм гээд тамга авч явсан үнэн учраа хэлсэнд Чингис хаан ихэд сайшааж, уучилж хэлтрүүлсэн түүх бий. Шударга ёсыг бат сайхан тамгалаарай гэж ийнхүү ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байна. Монголчууд бид төрийн бүү хэл адууныхаа тамгыг хүртэл хүндэтгэн дээдэлдэг ард түмэн. Энд Улаанбаатар хот дахь шүүхүүдийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар хүрэлцэн ирсэн байна. Бид бүгд Шүүх байгуулах тухай хуулийг сэтгэл түгшин хүлээж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн амин чухал хэсэг болох дагнасан шүүх байгуулах алхмаас ухрах вий гэж гэдэг болгоомжлол бидэнд байсан. Шүүгч та нарт ч байсан байх. Улсын их хурал, УИХ-ын дарга тууштай дэмжсэний үр дүнд шүүхийн шинэтгэлээс ухарсангүй. Нэг том алхмаар урагшлуулж чадлаа.
Монгол Улсын шүүх бүхэлдээ дагнаж, мэргэших түүхэн боломж бүрдлээ. Ингэж шүүхээ дагнуулж байгуулсан орон ховорхон байх. Энэ бол Монголын шүүхэд түүхэн үзэгдэл байх. Өнөөдөр энэ үйл явдалд оролцож байгаа та бүхэнд энгийн нэг үйл явдал гэж бодогдож байгаа байх. Олон жилийн хойно энэ бол шүүхийн түүхэн үйл явдал байх болно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дагнасан шүүхийн ач холбогдлыг шүүх бүрэлдэхүүн төдийгүй ард түмэн, шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлсэн хүн бүр ойлгож авсан байх. Харин одоо та бид Шүүх байгуулах тухай хуулийг зөв хэрэгжүүлж, зөв өлгийдөж авах нь нэн чухал байна. Шүүгч томилолтоор ажиллах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл өчигдөр баталсан. Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар санаачлагатай ажиллахгүй бол болохгүй. Давж заалдах шатны шүүхэд давж заалдлаа гэхэд тухайн иргэн, субьектийн хүсэлтээр шүүх хурлыг орон нутагт нь хийх үү, эсвэл онлайнаар шүүх хуралдаанд оролцуулах уу гэдгийг шийдвэрлэдэг болсон. Тиймээс тухайн иргэнээр эхлээд маягт бөглүүлнэ. Наад зах нь энэ асуултыг бөглүүлэхдээ учир начрыг нь сайн ойлгуулж, хэрэгжүүлж хэвшүүлэх нь чухал байна. Тиймээс та бүхэн энэ журмыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаарай. Үүнээс гадна Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой түр журмыг баталсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмыг сайн судалж, ажлын албанаас тухай бүрт нь тодруулж асууж, лавлаж зохион байгуулаарай. Тамга гардуулах арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Та бүхэнд баярлалаа” гэлээ. Үүний дараа онлайнаар холбогдсон зарим шүүхийн шүүгч нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээс зарим зүйлийг асууж, тодруулсан юм. Тухайлбал иргэний хэргийн шүүхийн ажлын ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор олон жил ажилласан хашир туршлагатай шүүгч нар эрүүгийн хэргийн шүүх рүү очиж, шинэ шүүгч нар голдуу иргэний хэргийн шүүхэд үлдэж байна. Тиймээс шүүгч нарын ажилласан жилийг харгалзан, хашир туршлагатай шүүгч нарыг иргэний болон эрүүгийн хэргийн шүүхэд тэнцүү хуваарилж өгөх хүсэлтийг шүүгч нар уламжилж байлаа. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг "Шүүх байгуулах тухай хууль батлагдсаны дараа бид бүх шүүхээс санал авсан. Саналыг хүлээн аваад бид ажлын ачаалал, ажилласан туршлага зэргийг нь харьцуулж байгаад тэнцвэржүүлсэн” хэмээн хариулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Эрүүгийн шүүгч нарыг бүрэлдэхүүнтэй байлгая гэж бид ярилцсан юм. Бүрэлдэхүүнтэй хэргийг харьцуулаад үзэхэд эрүүгийн хэрэг дийлэнх нь байдаг юм билээ. Зарим иргэний хэргийн шүүхэд ачаалал их байгааг бид ойлгож байгаа. Ерөнхийдөө 10 дугаар сар гэхэд нэлээд хэдэн шүүгч нэмж томилогдоод энэ асуудал бүрэн шийдэгдсэн байна” гэв. Ийнхүү зөвлөлдөж, ярилцсанаар энэ удаагийн арга хэмжээ өндөрлөлөө.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс