Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль

2015-06-30     

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Description: ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
 
                                                                                        МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2012 оны 05 сарын 22 өдөр
                                                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот
 
ШҮҮХИЙН иргэдийн төлөөлөгчийн
эрх зүйн байдлын тухай
 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
2 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Шүүхийн тухай[2], Шүүхийн захиргааны тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3], Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай[4], Эрүүгийн байцаан шийтгэх хууль[5], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
 
Хоёрдугаар бүлэг
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРЭН
ЭРХ,ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА
 
3 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх
3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид “хэрэг, маргаан” гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
3.2.Шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид “иргэдийн төлөөлөгч” гэх/ шүүгчийн дангаар шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохгүй.
3.3.Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.3.1.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;
/Тайлбар: Энэ заалтын шүүх бүрэлдэхүүнд гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
3.3.2.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
3.4.Шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглана.
/Тайлбар: Энэ хэсгийн шүүх бүрэлдэхүүнд орсон гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
3.5.Энэ хуулийн 3.4-т заасан тангаргийн журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.
 
4 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
4.1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
4.1.1.шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;
4.1.2.шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;
4.1.3.хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;
4.1.4.хэргийн талаар нотлох баримт цуглуулах;
4.1.5.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах;
4.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хэргийн талаар мэдээлэл өгөх;
4.1.7.зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал, хэлэлцсэн асуудлыг задруулах.
4.2.Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан заалтын хэрэгжилтэд Шүүхийн ерөнхий зөвлөл хяналт тавьж, зөрчсөн этгээдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасна.
 
5 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага
5.1.Иргэдийн төлөөлөгч нь дараах шаардлага хангасан байна:
5.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх;
5.1.2.тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;
5.1.3.ял шийтгүүлж байгаагүй;
5.1.4.сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх;
5.1.5.монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх;
5.1.6.сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх.
 
6 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоход хориглох зүйл
6.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, шүүхийн ажилтан, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, тухайн орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, онцгой байдлын албан хаагч, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг иргэдийн төлөөлөгчөөр сонгон шалгаруулахыг хориглоно.
6.2.Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулахдаа үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
 
7 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал
7.1.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон бусад этгээдийн зүгээс иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд иргэдийн төлөөлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.2-т заасан нөлөөллийн мэдүүлэг бөглөнө.
 7.3.Иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг тухайн шүүхийн тамгын газар хангана.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.4.Энэ хуулийн 9.1-д заасны дагуу сонгон шалгаруулсан иргэдийн төлөөлөгчийн нэрсийг шүүгч, шүүхийн ажилтан шүүх хуралдаанаас өмнө задруулахыг хориглоно.
 
Гуравдугаар бүлэг
Иргэдийн төлөөлөгчийг СОНГОН ШАЛГАРУУЛАХ
 
8 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт
8.1.Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам, иргэдийн төлөөлөгчийг сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг тус тус батална.
8.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог үндэслэн баталсан жишиг тоог харгалзан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн орон нутгийн анхан шатны шүүхийн тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргана.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу гаргасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт нэг жил хүчинтэй байна.
8.4.Энэ хуулийн 8.3-т заасан хугацаа дуусахаас гурван сарын өмнө шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэх бэлтгэл ажлыг хийнэ.
8.5.Шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэнийг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийн сан бүрдүүлнэ.
8.6.Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг хуралдаанаараа батална.
8.7.Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, статистик мэдээг тогтмол гаргана.
 
9 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах
9.1.Энэ хуулийн 8.6-д заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг тухайн шүүхийн тамгын газар зохион байгуулна.
9.2.Шүүх энэ хуулийн 8.6-д заасан нэрсийн жагсаалтаас долоо хоног тутам 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар гарган тухайн шүүхийн тамгын газрын даргаар батлуулна.
9.3.Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2-т заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна.
/Тайлбар: Энэ хэсгийн шүүх бүрэлдэхүүнд орох гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
9.4.Шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнд хүргүүлж мэдэгдэнэ.
9.5.Энэ хуулийн 9.4-т заасан шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ.
9.6.Шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэний ажил олгогчид мэдэгдэл хүргүүлнэ.
9.7.Энэ хуулийн 9.6-д заасан ажил олгогч нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.
9.8.Хуульд заасны дагуу татгалзан гараагүй бол дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнийг шүүх хуралдаанд оролцохоос зайлсхийсэн гэж үзэж түүнд энэ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ:
9.8.1.эмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон;
9.8.2.ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан;
9.8.3.бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол;
 9.8.4.хүндэтгэн үзэх бусад шалтгаантай байсан.
 
10 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах
10.1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч өөрөө татгалзан гарах үндэслэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус тогтооно.
 
11 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийг мэдээллээр хангах
11.1.Шүүхийн тамгын газар нь иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх хэмжээ, чиг үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгнө.
11.2.Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага боловсруулж хүрэлцээтэй хэмжээгээр хэвлэн шүүхэд түгээх бөгөөд тухайн шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийг уул гарын авлагаар хангана.
11.3.Тухайн жилд сонгогдон шалгарсан иргэдийн төлөөлөгчид зориулсан нэгдсэн сургалтыг тухайн шүүхийн тамгын газраас зохион байгуулна.
11.4.Иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн тамгын газар зохион байгуулна.
 
Дөрөвдүгээр бүлэг
Иргэдийн төлөөлөгч шүүн таслах
ажиллагаанд оролцох
 
12 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд оролцох
/Тайлбар: Энэ зүйлийн гарчгийн шүүх бүрэлдэхүүнд гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
12.1.Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.
/Тайлбар: Энэ хэсгийн шүүх бүрэлдэхүүнд гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
12.2.Энэ хуулийн 9.3 дахь хэсэгт заасан шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс мөн хэсэгт заасны дагуу нэг иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оруулна.
/Тайлбар: Энэ хэсгийн шүүх бүрэлдэхүүнд гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
12.3.Нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боловч энэ хуулийн 3.3-т заасан бүрэн эрхийг энэ хуулийн 12.2-т зааснаас бусад тохиолдолд хэрэгжүүлэхгүй.
 
Тавдугаар бүлэг
иргэдийн тӨЛӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАХ
НӨХЦӨЛ, ХӨЛС
 
13 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн талаарх бүртгэл мэдээлэл
13.1.Шүүхийн тамгын газар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу тухайн жилийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн сан бүрдүүлнэ.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан сангийн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлтэй нэгтгэж архивт бүртгэнэ.
14 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах
14.1.Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн цагийг хэмнэх, зардал гаргуулахгүй байх зохистой арга хэмжээ авна.
14.2.Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах стандартыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.
14.3.Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хөрөнгийг шүүхийн тамгын газарт олгоно.
 
15 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох
15.1.Иргэдийн төлөөлөгчийн хөлсийг шүүхийн төсвөөс олгоно.
15.2.Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ЗУРГАдугаар бүлэг
Хүлээлгэх хариуцлага
 
16 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1.Энэ хуулийн 9.8-д зааснаас бусад шалтгаанаар шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.2.Энэ хуулийн 9.7-д заасныг зөрчсөн ажил олгогчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
 
ДОЛдугаар бүлэг
Бусад ЗҮЙЛ
17 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
17.1.Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 /Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 
                              МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            Д.ДЭМБЭРЭЛ
 


[1] Монгол Улсын Үндсэн хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2] Шүүхийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2012 оны 11 дугаарт нийтлэгдсэн.
[3] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
[4] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
[5] Эрүүгийн байцаан шийтгэх хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 6 дугаарт нийтлэгдсэн.