АНУ-ын шүүхийн захиргааны туршлагаас хуваалцлаа

2015-06-24     

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Жеффри Апперсон Монгол Улсын шүүхийн байгууллагад 2015 оны 6 дугаар сарын 21-ээс 7 сарын 2-ныг хүртэл албан ёсоор айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд "Шүүхийн захиргааны удирдлага” сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын газрын дарга нар, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, хэлэлцүүлэгзохион байгууллаа. Энэ сарын 23-24-ний өдөр болсон сургалтын үеэр шүүхийн захиргааны удирдлага ба менежмент, шүүхийн ил тод, нээлттэй байдал ба шүүхэд итгэх олон нийтийн итгэл, хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүхийн иргэдийн төлөөлөгч сэдвийн хүрээнд шүүгч, ажилтнуудтай хэлэлцүүлэг өрнүүлж, туршлагаасаа хуваалцсан юм. АНУ-ын муж улсуудын шүүхийн хувьд нийт өргөдөл гаргаж, шүүхэд хандсан хэргийн 5 хувийг шүүхийн журмаар, 95 хувийг шүүхийн бус буюу эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэдэг гэдэг нь сонирхол татаж байлаа. Түүнчлэн АНУ-ын муж улсуудын шүүхэд итгэх иргэдийн итгэл 88 хувьтай байдаг бол Монголд судалгаанд оролцсон иргэдийн 65 хувь нь шүүхэд итгэдэг хэмээн хариулсан юм. Тэгэхээр бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар энэ удаагийн сургалт, хэлэлцүүлэгт хамрагдсанаар шүүхийн захиргааны удирдлагын талаар туршлага солилцоод зогсохгүй, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцсон нь ач холбогдолтой байлаа. Сургалтын талаар Ноён Ж.Апперсон болон сургалтад хамрагдсан зарим шүүгч, тамгын газрын дарга нар ийнхүү ярьж байна.
 
ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХЭД УЛС ОРНУУДАД БЭРХШЭЭЛ ИХ ГАРДАГ
 
АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Жеффри Апперсон:
 
 - Миний бие Монголд дөрөв дэх удаагаа айлчилж байна. Монголд өрнөж байгаа шүүхийн шинэтгэл эрчимтэй өрнөж, үр дүн нь харагдаж байна. Үүнээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл дэлхий нийтийн туршлагаас суралцах, шүүгч, ажилтнуудаа сургах боломжийг бүрдүүлжээ. Монгол улс хууль тогтоомжоо шинэчлэхдээ АНУ-ын зарим муж улсуудтай ойролцоо загварыг авсан байна. Энэ сургалтад оролцож байгаа шүүгч нар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цаашид шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд дөхөм болох байх гэж найдаж байна. Шүүх шударга байж, шударгаар хүмүүст үйлчилж, шийдвэр гаргаж байгаа нь хамгийн сайн туршлага. Миний 35 жилийн туршлагаас харж байхад шүүхийн үйлчилгээний эцсийн үр дүнд шүүхийн шийдвэр гардаг. Энэ шийдвэрийг цаг хугацааны алдалгүй, түргэн шуурхай гаргах нь шүүхийн үйлчилгээний хамгийн гол үзүүлэлт юм. Энэ бол хамгийн шилдэг туршлага юм. Миний бие Монгол Улсад шүүхийн шинэтгэл хийж буй энэ чухал үед Шүүхийн ерөнхий зөвлөлд айлчлан хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг хийх замаар өөрийн орны туршлага, болон олон улс орны хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцах болсондоо, тун таатай байна. Шүүхийн шинэтгэлийг хийхэд улс орнуудад бэрхшээл их гардаг. Харин Монгол Улс шиг шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан ийм улс орон бараг байхгүй бөгөөд маш зөв зүйл болсон гэж харж байна. Ер нь бол бүх үйл явц анхан шатны шүүхээс эхэлдэг. Тиймээс анхан шатны шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг анхан шатны шүүхтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэх нь маш чухал юм.
 
 
ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ӨДӨР ШӨНӨ ШИГ ӨӨР БОЛЖ
 
Монголын шүүгч ажилчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбаа:
 
 - Би Монголын шүүхэд 17 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Монголын шүүгч, ажилчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэхүү хэлэлцүүлэгт намайг урьж оролцуулсанд их баярлаж байна. Миний ажиллаж байсан үе, өнөөдрийн шүүхийн тогтолцоо бол өдөр шөнө шиг өөр болжээ. Бид тухайн үед хэрэг гэдгийг ерөнхийд нь харж байж. АНУ-ын энэ багшийн ярьж байгаагаас харахад шүүх нэхэмжлэл, гомдол хүлээн аваад иргэний хэрэг үүсгэх эсэхэд маш анхааралтай хандаж, нарийвчлан шалгаж, үздэг юм байна. Хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгоход санаа авмаар олон асуудал байна.
 
Манай шүүхийн тогтолцоо бол сайжирч байна. Гэхдээ эдний хэмжээнд очиход нэлээн цаг хугацаа, хөрөнгө, сургалт шаардлагатай юм гэж харлаа. Ач холбогдолтой, үүнийг шууд хуулж болохгүй, санаа авах юм бол их байна. Тиймээс шүүгч, тамгын дарга нар маань эндээс санаа авч ажиллаасай. Хамгийн гол нууц нь хэргийг хүлээж авахаас эхлээд л шүүгч нар бүрэлдэхүүнээрээ сууж байж, тухайн хэргийг хэрхэн шийдэх вэ гэдэг аргачлалыг гаргаж байгааг нэвтрүүлэх хэрэгтэй. Манайд бол үүнийг хийж байгаа, гэхдээ бүр дасал болгох хэрэгтэй. Шүүгч өөрөө шийдэх биш, баг танхимаараа сууж байгаад хэргийг ямар аргаар шийдэх вэ, аль нь зардал чирэгдэл бага гарах арга вэ гэдгийг бодолцож шийдэх ёстой юм байна. Алс холоос өчнөөн зардал чирэгдэл гаргаж ирж байгаа багшийн хичээлээс суралцах, ажил хэрэг болгох их байна. Иймд энд ирсэн ажилтнууд орон нутагтаа очоод хамт олондоо ярьж хэлж өгөөсэй л гэж хүсмээр байна.
 
ОДОО ТУУЛЖ БАЙГАА БЭРХШЭЭЛИЙГ ТЭД БҮГДИЙГ ТУУЛЖЭЭ
 
Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаяр:
 
 - Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй сургалт маш цаг үеэ олсон, ач холбогдолтой болж байна. Сургалтаар шүүхийн захиргааны байгууллагын үүсэл, ололт, дэвшилттэй талуудыг дэлгэрэнгүй ярьлаа. АНУ-ын муж улсуудын Шүүхийн тамгын газар 1939 оноос тусдаа байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж, хөгжиж ирж. Манай улсын хувьд шүүхийн захиргаа тусдаа даганаж байгуулагдаад хоёр жил болж байна. Тэгэхээр бидэнд АНУ-ын шүүхийн захиргаанаас суралцах зүйл маш их байгаа. Шүүхийн захиргааны байгууллагын 80 жилийн туршлагатай энэ байгууллага бол бидний одоо туулж байгаа бэрхшээлүүдийг бүгдийг нь туулаад гарсан байдаг юм байна. Шүүн таслах үйл ажиллагааны хувьд АНУ-аас манайх өөр ч гэсэн захиргааны бодлогын хувьд ижил төстэй. Шүүхийн захиргааны удирдлага, Ерөнхий шүүгч хоёрын ажлын уялдаа, шүүхийн хэргийн хөдөлгөөн, олон нийттэй харилцах гээд үйл ажиллагааг хамтарч хөтөлж явуулдаг туршлагаас ярьж байна. АНУ-ын шүүх бол бүрэн цахимжсан. Манайхны цахим шүүх болохоор одоо хэрэгжүүлж байгаа зүйл бас ижил төстэй санагдлаа. Цахим шүүх болоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажилтны ур чадвар, хүний нөөцийн тогтвортой бодлого гээд энэ бүгдийг суралцах, төлөвлөхөд энэ хэлэлцүүлэг их тус дөхөм боллоо. 
 
ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН ИРЭЭДҮЙН ДҮР, ТӨРХИЙГ ДҮРСЭЛЛЭЭ
 
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат:
 
 - АНУ-ын шүүхийн захиргааны сайн туршлагуудаас шүүгч, бидний аваад хэрэгжүүлэх, үр ашигтай байж болох туршлагууд харагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шүүх хяналт тавих байдлаар ханддаг юм байна. Хэдийгээр үүрэг хүлээхгүй боловч, шийдвэр гаргасны хувьд эцсийн гүйцэтгэлийг шүүгч нар зөвлөгөөнөөрөө хэлэлцдэг гэдэг нь үр дүнтэй юм. Нөгөө талаас шүүхийн имиж, нэр хүнд юунаас шалтгаалдаг вэ гэхээр өмгөөлөгч, прокурор, тэр битгий хэл шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажилтнуудаас бас шалтгаалдаг нь манай анхаарах асуудлын нэг болж байна. АНУ-ын шүүх мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, прокурор, өмгөөлөгч нарын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр шүүгч нар нь тэдэнтэй ярьж, зөвлөлддөг гэж байна. Энэ бас авч хэрэгжүүлмээр туршлага байна гэж харлаа. Бид шүүхийн шинэтгэлийг ид хийж байгаа улс учраас шүүхийн шинэтгэл ирээдүйд ямар байх вэ гэдэг дүр зургийг харах, дүрслэх боломж нээгдлээ. Цахим шүүх болох эхлэлийг бид тавьсан боловч, эцэст нь ямар хэмжээнд хүрэх вэ гэдэг төсөөллийг бий болголоо. Тухайлбал нэхэмжлэлээ цахимаар гаргадаг, нууц биш баримтууд ил байдаг нь манай хөрсөн дээр буух боломжтой юу, одоогоор боломжгүй ч ирээдүйд ийм байж болох юм байна шүү гэдэг сэтгэгдлийг төрүүллээ. 
 
АНУ-Д ТАМГЫН ДАРГА НАР ШҮҮГЧТЭЙ АДИЛ ЦАЛИНТАЙ
 
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан:
 
 - Цаг үеэ олсон чухал сургалт боллоо. Одоо УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. АНУ-ын муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Ж.Апперсоны сургалтаас сонирхолтой, авахаар зүйл их байна. Жишээ нь хэргийн шийдвэрлэлтийн хугацаа гэхэд манай дээр иргэний хэргийг 60 хоног, шүүгчийн зөвлөгөөнөөр 30 хоног сунгадаг, ингээд 90 хоногт шийдвэрлэдэг. Эрүүгийн хэргийн хувьд шүүхэд хэрэг ирснээс хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлнэ, шилжүүлснээс хойш 10 хоногийн дотор үндсэндээ 25 хоногийн дотор хэрэг шийдвэрлэх хугацаатай байгаа. Гэтэл АНУ-д иргэний хэрэг 6-8 сар, эрүүгийн хэргийг 6 сарын хугацаанд шийдвэрлэдэг юм байна. Гэхдээ үүнд системийн бол ялгаа байгаа. Манайд хавтаст хэрэг мөрдөн байцаалт, прокурорын шатанд бүрдээд яллах дүгнэлт үйлдээд ирсэн хэрэг дээр шүүгч нар ажиллаж байгаа. Харин АНУ-д бол хэргээ прокурор, өмгөөлөгч талууд нь өөрсдөө бүрдүүлж өгдөг. Гэхдээ бас хугацаан дээр анхаарах хэрэгтэй. Манайд бол маргаантай иргэний хэргүүдийг 90 хоногт шийдвэрлэж чаддаггүй. Тэгэхээр хугацааг бодитой тогтооход анхаарах зүйлүүд байна. Нөгөө талаар манайд 1960 онд Үндсэн хууль батлахдаа 1963 онд шүүхүүдийг дүүрэг, район сум гэж даганаж байгуулж эхэлсэн. Тэрнээс хойш 1993 он хүртэл тухайн шүүхийн дарга шүүн таслах ажиллагааг, захиргаагаа ч давхар хариуцаад явдаг байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөл бий болоод, тамгын газар байгуулагдсанаар Ерөнхий шүүгч нар шүүн таслах ажиллагааг, захиргаа аж ахуйн ажлыг шүүхийн тамгын газрын дарга хариуцаж явдаг болсон. Үүнээс хойш 2013 он хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүх, Хууль зүйн яамны сайд нь удирддаж байгаад 2013 оноос Шүүхийн ерөнхий зөвлөл бие дааж үйл ажиллагаа явуулдаг болоод хоёр жил болж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл бие дааж байгуулагдсан нь их үр дүнтэй боллоо гэж бодож байгаа. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, тамгын дарга, шүүгч нар, тамгын газрын ажилтнуудын хоорондын харилцааны асуудал маш чухал. АНУ-д бол шүүхийн тамгын дарга шүүгчтэй адил цалинтай, хариуцлага ч өндөртэй байдаг юм байна. Жишээ нь шүүгч нарын зөвлөгөөнөөс шүүхийн тамгын даргаа сонгодог гэж байна. Монголд энэ талаар бас авууштай зүйл байгаа. Манайд шүүхийн тамгын даргыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс томилж байгаа. Энэ бол болно. Гэхдээ тухайн шүүхийн тамгын дарга нар жилийнхээ ажлын үр дүнг шүүгч нарын зөвлөгөөн дээр тайлагнадаг, дүгнэдэг, цаашид үргэлжлэн ажиллах боломжитой эсэхэд нийт дүгч нар дүгнэлт гаргаж болох талтай. Ингэж байж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн ил тод байдал, хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх асуудалд нэлээд түлхэц болох юм байна гэж үзэж байна. Манайд эрүүгийн гурван хэргийн бараг хоёр нь хойшилдог. Энэ хойшилж буй шалтгааныг арилгах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд урьдчилсан шүүх хурал явуулах тухай заалт орж байгаа. 
 
АНУ-д урьдчилсан шүүх хурал нэлээд нээлттэй ил тод явагддаг юм байна. Урьдчилсан шүүх хуралд өмгөөлөгч, прокурорууд ирээд талууд тохиролцоод ямар, гэрчийг оролцуулах, хохирогчоо оролцуулах уу, иргэний нэхэмжлэлийн асуудал яах вэ, хурлаа хэдэнд эхлэх вэ гээд бүгдийг товлочихоор талуудад ч өөрсдийн ажлаа төлөвлөхөд ихээхэн үр нөлөөтэй байдаг юм байна. Мөн АНУ-д бол дунджаар эрүү, иргэний хэргийн 95 хувийг хялбаршуулсан журмаар шийддэг бол манайд яг эсрэгээрээ байна. Ялангуяа эрүүгийн хөнгөн хэргийг л хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг. Харин одоо УИХ-д хэлэлцэж байгаа хуулийн төсөлд бол ерөөсөө шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрсөн бүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тусгасан байгаа. Энэ бол маш оновчтой заалт. УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ үед яг цагаа олсон, маш ач холбогдолтой сургалт боллоо гэж дүгнэж байна.
 
 
 
 
 
Г.Буянхишиг