“Нээлттэй шүүх” уриан дор багш, сурагчдад шүүхийн үйл ажиллагаа болон бүтэц зохион байгуулалтыг танилцууллаа.

2015-05-27     

НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” УРИАН ДОР Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан “Шүүх ба Олон Нийт” хөтөлбөр, Шүүхийн захиргааны ажилтнуудын 2015 оны Үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шүүхийн шинэчлэлийг олон нийтэд хүртээмжтэй арга хэлбэрээр мэдээлэх, сурталчлах, шүүхийн үйлчилгээний эерэг үр дүнг бататгах зорилгоор тус дүүргийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургууль, Эрдмийн Оргил цогцолбор сургууль, Голомт цогцолбор сургууль, Чандмань сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдын дунд дараах тэмцээн уралдаан зохион байгууллаа.  
 
1. “Шүүх ба Олон Нийт” сэдвийн хүрээнд эссэ бичих уралдаан явуулснаас Тэргүүн байранд “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ш.Шижирчимэг, Дэд байранд мөн сургуулийн 12б ангийн сурагч Ө.Уянга нар шалгарав.
 
 
2. Мөн сурагчдын дунд “АХА” тэмцээн явуулснаас Нэгдүгээр байранд “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч О.Цогоо, Хоёрдугаар байранд “119 дүгээр” сургуулийн 121ангийн сурагч Намсрай шалгарсан тул өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус шагнаж, урамшууллаа.
 
 
 
3. Анги тус бүрээс 3 сурагчийг хамруулан шүүхийн үйл ажиллагаа болон дотоод бүтэц зохион байгуулалттай танилцуулж, шүүгч, ажилтнуудтай уулзаж ярилцах ажиллагааг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
 
4. Шүүх хуралдааны бичлэгийг сурагчдад үзүүлж, шүүх хуралдааны дараалал, журам сахиулах үйл ажиллагааг танилцуулж тайлбарлалаа.
 
5. “Шударга ёс ба Шүүх” чөлөөт хэлэлцүүлэгт сурагчид идэвхитэй оролцож шүүх эрх мэдэл, шүүхийн үйл ажиллагааны тухай бодлоо нээлттэй, чөлөөтэй илэрхийлж ярилцлаа. Сурагчид шүүхийн үйл ажиллагааны тухай бодит мэдээлэл авч, шүүх олон нийтэд нээлттэй болж байгаа явдалд талархал илэрхийлж, цаашид энэ үйл ажиллагааг жил бүр тогтмол хэрэгжүүлж байх талаар сэтгэгдлээ илэрхийллээ.
  
 
Шүүх ба Олон нийт
“Хамгийн агуу зүйл хамгийн энгийн байдаг” гэсэн нэгэн мэргэн үг байдаг. “Монгол улсын шүүхийн тухай” хэмээх шинэхэн хуулийн 8-дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна” гэсэн энгийн нэг заалт агуулга, мөн чанарынхаа хувьд асар их өргөн утгыг өөртөө агуулсан заалт гэдэг нь он цаг, улирлын явцад харагдах биз ээ.
Нийгэм сайн сайхан байхаас шалтгаалж хүний амьдрал тэр хэмжээгээр өөрчлөгдөнө.Тиймээс иргэн бид дор бүрнээ өөрөө өөртөө болон бусдад шударга хандаж, өөрөө өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй өөрсдийн эрх ашгийн төлөө бус улс, эх орныхоо төлөө амьдарч буй нийгмээ сайн сонсож, сайн харж, болох зүйлийг нь сайшааж, болохгүй зүйлийг нь шүүмжилж, засаж залруулах нь чухал юм. Учир нь та бидний амьдрал нэг л өдөр дуусна. Хүний амьдралд ирдэг хамгийн том зовлон бол “хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” өвчин, шаналал харин хүний нийгмийн хамгийн том эмгэнэл бол “шударга бусын” зовлон байдаг. Шүүхийг шударга байлгахад шүүгчийн улс оронд ашигтай, мөн ард иргэдэд тустай зөв шийдвэрийг гаргуулахын төлөө ажиллаж буй иргэдийн төлөөлөгч гэгдэх хүмүүс үүрэггүй мануухай болон хувирч үүрэглэж суугаа нь харамсалтай.
Тиймдээ ч Ардчилсан хувьсгал гарснаас хойш өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд Монголын нийгэмд жагсаал, цуглаан, тэмцэл хөдөлгөөн тасраагүй гэдгийг мэднэ. Эдгээр тэмцэл хөдөлгөөний дийлэнх нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг олж авахын тулд өрнөсөн. Яагаад гэвэл ард иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үзэмж хаагдмал, амьд явах баталгаагүй болсноос гадна эрх тэгш байдал алдагдаж нийгмийн амьдрал авилга, хүнд суртлаар дүүрч, шударга ёс алдагдсанаас болж ийнхүү дээрх үйл явдлууд гарч байна.
Хүн төрөлхтөн боолын нийгмээс хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэмд хүртлээ шударга нийгэмтэй болохыг хүсч ирсэн. Монголчууд бидний хувьд хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, хамгаалах хатуу ширүүн тэмцлийн үеийг ардаа орхисон. Гэвч яагаад зүүд зэрэглээ шиг нийгэм бий болж шударга ёс нэхсэн ард түмний гомдол цуурай мэт давтагдах болов? Үүний хариулт гэвэл бид дээрх үйл явдлыг намын бодлогоор бус нийтлэг эрх ашигт нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулан шийдвэрлэхийн зэрэгцээ хүн төрөлхтний хүсэл зорилго, санаа бодол, шийдвэрийг сонсож, хууль хэрэгжээгүй цагт зэрэглээ мэт барьцгүй зүүд мэт хийсвэр, цуурай мэт тохуутай нийгмийг өөрчилж болох юм. Үүнийг хардээр цагаанаар бичсэн ганц өгүүлбэр гэдгээр нь биш, цаад утга мөн чанарынх нь хүрээнд хэрэглэж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үүний тулд шүүх болоод бусад хуулийн байгууллагууд иргэд, олон нийтдээ нээлттэй үйл ажиллагаа нь ил тод байх нь чухал.
Шударга шүүхтэй байна гэдэг нь нэг талаасаа улс орны хөгжилд нөгөө талаасаа хувь хүний амьдралд туйлын чухлаар нөлөөлдөг юм. Энэ нь нэг талаас шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлэгч шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх,нөгөө талаас иргэд, олон нийт идэвхи санаачлагатай оролцоотой байснаар хууль зүйн салбарын явц эрс хурдацтай харилцан хамааралтай болох төдийгүй харилцан итгэлцэл дээр тулгуурласан шинэ тогтолцоо нийгэмд бий болох нөхцөл бүрдэнэ.
Гэвч бодит байдал дээрээ энэ бүхэн огт хэрэгжихгүй байгаа нь тун тоогүй. Хэрвээ иргэд болоод хуулийн байгууллагуудын хооронд байдаг төмөр хэрэм нурж оронд нь үйл ажиллагаа нь тодхон харагддаг тунгалаг шилэн хана хийчихвэл аль аль талдаа сэтгэл ханамжтай байх болно. Энэ бүхэн дээр үндэслээд иргэн, хууль хоёрын хоёр тийшээ харсан байдлыг өөрчилж, хамтдаа нэг зорилтын төлөө нэг зүг рүү харж урагшлах боломж бүрдэнэ.
Би Монголын ирээдүй. Ирээдүйн монголын нийгэмд гэрэл гэгээтэй өдрүүд, эв найрамдалтай ард иргэд, шударга ёс, эрх чөлөөгөөр дүүрэн байх үүрэг шүүх болон олон нийтийн өмнө гарч ирж байгаа юм. Хэрвээ он цагийн мөчлөг гэж байдаг бол энэ бүхнийг эрчимтэй эхлүүлж, хэрэгжүүлэх, шинэчлэх, өөрчлөх тэр цаг үе хожмын нэгэн өдөр биш “ЯГ ОДОО” байгаасай гэж би хүсэж мөрөөдөж байна.
 
“Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ш.Шижирчимэг
 
 
  
Шүүх ба олон нийт
Манай улсын шүүх тогтолцоо нь олон нийтэд тийм ч ил тод биш байдаг бөгөөд олон нийт ч үүний тухай мэдээлэл хомс учир хуулийн эрх зүйн үйлчилгээг бүрэн төгс авч чаддагүй. Шүүх гэдэг бол хүний амьдралд маш чухал шийдвэр гаргадаг учир хуулийн дагуу ил тод, үнэн шударга байх ёстой гэж боддог. Шүүх хуралдаан үргэлжлэх хэдэн цаг, шүүхийн шийдвэр гаргах хэдэн минутанд хүний амьдрал яаж ч өөрчлөгдөж болох тийм л чухал үүргийг хүлээдэг байгууллага юм. Тийм ч учраас шүүх эрх мэдэл бусад эрх мэдлээс ангид бие даасан зөвхөн хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой. Гэвч бидний амьдарч байгаа энэ шударга бус нийгмийн давалгаанд шүүх ч мөн хөл алдаж байгаа мэт санагдаж байна. Үүнийг ард иргэд ч тод томруунаар харж байгаа бөгөөд хүмүүсийн дунд шүүх зөвхөн эрх мэдэлтэн, эд хөрөнгөтний талд үйлчилдэг гэх ойлголт нэлээд хүчтэй байгаа бөгөөд хүмүүс энэ буруутгаж боломгүй ойлголтоос болж шүүх байгууллагаар үйлчлүүлэхээс төвөгшөөж, өөрсдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй эд хөрөнгө, сэтгэл санаа, бусад зүйлээрээ хохирох явдал ихсэж байна.
      Шүүх үнэхээр эрх мэдэл, эд хөрөнгөтний тал үйлчилж байна уу гэж гудамжаар явж байгаа 10 хүнээс асуухад 9 нь тийм гэж хариулна. Тэгвэл яагаад олон нийтийн дунд ийм сөрөг ойлголт би болсон бэ? Олны яриа ортой гэдэг, хэрэв шүүх байгууллага ямар ч асуудалгүй байсан бол ийм яриа гарахгүй байсан. Гэхдээ энэ нь хэт туйлширсан үзэл ч байж болох юм. Хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын зөрчил, болчимгүй үйлдлээс болж “шүүх” гэх том өрх гэрийг тэр чигт нь бас буруутгаж болохгүй юм. Тэр хэсэг бүлэг хүмүүсийн ард бас ард түмнийхээ төлөө хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, хийж бүтээж чадаж байгаа хүмүүсийг ч бас хамт буруутгаж үл болно. Олон нийтийн хандлагыг яаж эсрэгээр өөрчлөх вэ? Олон нийтэд нэгэнт үүссэн энэ сөрөг хандлагыг шууд няцааж үгүйсгэх нь бүр ч олон нийтийн эсэргүүцлийг нэмэгдүүлж болох учир түүний оронд шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон ард иргэдтэй хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлснээр шүүх болон олон нийтийн харилцаанд эсрэг хандлага бий болгох эх үүсвэр тавигдаж байгаа хэрэг юм. Мөн олон нийтэд цочрол өгсөн хэргүүдийг нээлттэй шүүх хуралдаан хийж олон нийтийн сэтгэл зовнисон асуудлуудыг шийдвэрлэж шүүхийн шийдвэрт хэр сэтгэл хангалуун байгаа талаар судалгаа шинжилгээнийн үндсэн дээр дүгнэлт гарган үйл ажиллагаагаа олон нийттэй нягт уялдаа холбоотой ажиллах нь шүүхийн үйл ажиллагаанд томоохон эсрэг өөрчлөлт дагуулах юм. Мөн нэг асуудал бол шүүхийн шийдвэрийн боловсруулалт сайжруулах асуудал юм. Шүүхийн шийдвэрийн бичилтээс харахад хэт товч, ойлгомжгүй байдлаар бичигдсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөв тогтоох нь шийдвэрээ иргэдэд тодорхой ойлгомжтой байдлаар хүргэх шүүхийн шийдвэр бичих арга зүй, хуулийг тайлбарлан хэрэглэх ур чадварыг төлөвшүүлэх шаардлагатай байгаа нь шүүхийн ирээдүйн боловсон хүчинд тавигдах том шалгуур болж өгөх юм. Зарим хүмүүс хууль тогтоомжуудын зарим нь бодит байдлаас хэтэрхий хол цагаан дээр хараар бичигдсэн цааснаас амьдралд бууж хэрэгжих боломж бага байна гэж шүүмжилдэг. Энэ нь бас л байж болох талтай бөгөөд хууль тогтоомж нь зөвхөн ард иргэдэд зориулсан, тэдний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх ёстой. Гэвч хууль тогтоомжинд зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн олонхийн ашиг сонирхлыг зөрчсөн хуулийн цоорхойтой хууль гаргаж байгаагийн илрэл юм. Хүний амьдрал гэх энэ ахар богино мэт боловч алдаж онож юу ч хийж болох энэ хугацаанд алдаа болгоноосоо ухаарлыг олох хэрэгтэй. Шүүхийг олон жил тогтон хуримтлагдсан балчиг намагнаас нь татан гаргаж эрс шинэчлэл хийх цаг нь болсон. Шүүх эрх мэдэл гэдэг гэдэг хүний амьдралыг хааш нь ч эргүүлж чадах хүчтэй. Тиймээс энэ эрх мэдлийг зөвхөн зөв ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс амьдралыг амьдрал бус там болгон хувиргах буй за. 
 
“Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Ө.Уянга
 
 
Зохион байгуулсан: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн туслах С.Энх-Амар, Б.Мөнгөншүр, Б.Золзаяа, Ц.Байгалмаа 
 
 2015.05.08