Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн цэц дээр унасан. Сая Цэцийн шийдвэрт нийцсэн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэ талаар тодруулна уу?
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хуулийг дахин өргөн барьж байгаа. Ерөнхийдөө хэргийн ачаалал, бүс нутгийн онцлог, хүн амын нягтаршил зэрэг олон хүчин зүйлийг харгалзаж байгаад шүүхийг тойргийн систем рүү оруулсан. Шүүхийг засаг захиргааны нэгжээр байгуулна гэж Үндсэн хуульд заасан учир Цэцийн шийдвэрийн дагуу үүнийг биелүүлэх үүрэг урган гарч байгаа юм. Хугацаа нь долдугаар сарын 1-нээс шүү дээ. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг бүх нийтээр дагаж мөрдөж, хүндэтгэн биелүүлэх ёстой. Нөгөө талаар шүүх эрүү, иргэн, захиргааны гэж дагнаад тойргийн системд орсныг шүүгч болон тэр үйлчилгээг хүртэж буй иргэдийнх ихэнх нь зөв зүйтэй гэж үздэг.
-Тэгэхээр долдугаар сарын 1-нээс яаж өөрчлөгдөх юм бэ?
-Бид дагнасан хэлбэрийг нь хадгалаад нэрийнх нь асуудлыг өөрчилнө. Жишээлбэл, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн давж заалдах шатны шүүх нь гурвуулаа Сүхбаатарт очсон ч Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүх гэсэн хаягтай л болчих юм. Хуучин бол нэг нь тойргийн шүүх гэж байлаа ш дээ. Тэгэхээр энэ гурав нэг аймагтаа төвлөрөхгүй сардаа 2-3 удаа тойроод ажиллана. Ингэвэл орон нутагт байгаа иргэдийн давж заалдах эрх нь хангагдах боломжтой. Нөгөө талаар энэ нь эдийн засгийн хүндрэл гаргаад, олон шүүгчийн орон тоо нэмээд явах шаардлагагүй шийдэл. Өнөөдрийн орон тоо, төсөвт нийцүүлээд дагнасан сайн хэлбэрээ авч үлдээд шийдье л гэж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэргийн ачааллын судалгааг орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд явуулсан. Тэгэхэд нэг аймагт 1-2 удаа шүүх нүүдэллэн очиж хэрэг шийдээд явах болмжтой гэсэн судалгаа гарсан.
-Цэцийн шийдвэрийг биелүүлсэн нэрээр хаяг л сольж байгаа юм бол зальдсан гэж ойлгож болох уу?
-Яахав дээ. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн нэр томъёог үг, үсгийг нь баримталж шийдвэр гаргаж байгаа бол бид ч үг, үсгээр нь нийцүүлэх замаар л шийднэ. Шүүх байгуулах тухай хуулийн цаад агуулга, үзэл санаа, зарчим нь Үндсэн хуультай зөрчилдөөгүй шүү дээ. Үндсэн хууль дээр шүүхийг эрүү, иргэн, захиргааны журмаар дагнан байгуулж болно гэсэн. Мэргэшүүлж дагнасан байдал нь өөрөө манай Үндсэн хуулийн зарчимтай нийцэж байгаа учраас бид хадгалж үлдсэн. Нөгөө талаар давж заалдах, хяналтын журмаар хэргээ шийдүүлэх, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх эрхийг нь хангах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Гэхдээ шүүх чинь татвар төлөгчийн цалингаар амьдардаг учраас төсвийн мөнгийг замбараагүй үрж болохгүй. Шүүх мэргэших, дагнах, чадавхжих ёстой. Энэ чиглэлийн ололттой нэвтэрсэн шүүхийн шинэтгэлийг тасралтгүй үргэлжлүүлэх ёстой гэж харж байгаа. Өнгөцхөн өөлбөл заль гаргаж нэрийг нь өөрчилчихөж байгаа юм шиг боловч нөгөө талдаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүндэтгэж, хуульд нийцүүлж шинэтгэлийн бодлогоо аваад явж байгаа юм.
-Энэ хууль батлагдсанаар нэмж шүүх байгуулахгүй л юм байна?
-Шүүх нэмж байгуулахгүй, төсөвт дарамт учруулахгүй, орон тоо нэмэгдэхгүй. Жаахан жаахан хаяг л өөрчлөгдөх байх. Тодорхой хэмжээний жижиг зардал гарна. Хаяг солих зардлаас болоод шүүхийн явж байгаа шинэтгэл зогсох учиргүй. Шүүх, шүүгч дагнана гэдэг бол үнэхээр сайн зүйл. Эрүү, иргэн, захиргааны хэргийг бүгдийг шийдэж тал тал руу үсчсэн шүүгч байснаас иргэний хэргээрээ дагнаад явбал шүүгчид нь ч, үйлчилгээ авч байгаа иргэнд ч хэрэгтэй. Өмгөөлөгч нь, прокурор нь бас дагнаж мэргэшээд явбал хуулийн байгууллагаас үйлчилгээ авч байгаа иргэний эрх баталгаажихад тустай. Шүдний эмчээр нүдээ эмчлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Шүдний эмч нүд эмчилж чадахгүй.
-"Цэцийнхэн шүүхийн шинэтгэлийг нурааж байна. Дээд шүүхээс томилгоотой гишүүд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эсрэг ажиллаж байна” гэх мэдээллүүд гарах боллоо. Цэц дээр шүүхийн хуулиуд толгой дарааллан унаж байгаа нь үнэн. Гэхдээ шинэтгэл алдаа, оноогоо засаад л цааш явах ёстой биз дээ?
-Аливаа шинэтгэл сорилт, бэрхшээлийг туулж байж ард нь гардаг. Дардан яваад амжилтад хүрдэг юм гэж хаана ч байхгүй шүү дээ. Шүүхийн шинэтгэл ч том бэрхшээлтэй учир нь. Тэрний нэг нь л энэ байх. Цаасан дээр хууль бичихдээ бүгдийг урьдчилж харж чадахгүй шүү дээ. Гутал хаанаа барьж байгааг гуталчин хэлдэггүй. Гутлыг өмсч байгаа хүн л хэлдэг гэдэгтэй адилхан. Бодит амьдралд хэрэгжүүлэх явцад засах, өөрчлөх зүйл байгааг тэр хуулийг хэрэгжүүлж, хэрэглэж байгаа хүмүүс хэлдэг. Мэдээж хууль санаачлагч муухай хууль хийгээд хорлочихъё гэж бодохгүй. УИХ Үндсэн хуультай зөрчилдсөн хууль баталчихъя гэдэггүй л байхгүй юу. Ардчилсан нийгэмд огт маргаан дагуулахгүй, эсэргүүцэлтэй тулгарахгүй, бэрхшээл учрахгүй шинэтгэл гэж байхгүй. Гэхдээ нэг зарчим байх ёстой, хуулийг, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ямар ч хүн хүндэтгэх ёстой.
-Шүүхийн багц хууль бол мөрдөгдөөд явж байгаа. Шүүхийг шинэчлэх дараагийн алхам юу байх вэ?
-Аливаа шинэтгэл дуусдаггүй. Өнөөдөр бол шүүхийн шинэтгэлийн хамгийн том галт тэрэг хөдөлчихсөн. Суурийг нь цутгачихсан болохоор зам дунд засаад л явна. Хуучинтай харьцуулбал шүүхийн шинэтгэлийн тухай нийтээрээ ярьдаг болчихож. Ололт амжилтыг нь, алдаа дутагдлыг нь чөлөөтэй ярьдаг болчихож. Хэдэн жилийн өмнө ингэж ярьж чаддаггүй байлаа шүү дээ. Шүүх бол сансарт дүүжлээтэй биет ч юм шиг. Шүүхэд олон дэвшил байсан ч олон нийтийн анхааралд ороогүй байсан учраас сайныг нь ч, мууг нь ч иргэд мэддэггүй байлаа.
Эх сурвалж: http://www.itoim.mn/