Б.Сарантуяа: Шүүх байгуулах тухай хуулийн төслөөр төсөвт хүндрэл учруулахгүй

2015-05-21     


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, МУ-ын Гавьяат хуульч Б.Сарантуяатай Шүүх байгуулах тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон шүүхийн шинэтгэлийг тойрсон асуудлаар ярилцлаа.
- Шүүхийн тухай багц хуулиудын зарим зохицуулалт Үндсэн хуулийн цэц дээр хүчингүй болоод байна. Үүн дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурь ямар байна вэ?
 
- Монгол Улсын Үндсэн хуулийн 67 дугаар зүйлд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж хуульчилсан тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүд дээр ажиллаж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газартай зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосноор УИХ-д өргөн мэдүүлээд байна.
 
 
- 7 сарын 1-нээс Шүүхийн бүтэц, зохион байгуулалтад хийгдэх өөрчлөлт, түүний үр дагавар, одоо хийгдэж байгаа бэлтгэл ажлуудын талаар та мэдээлэл өгөөч?
 
- Үндсэн хуулийн цэц Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан юм.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1-т "шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулах”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн "Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн 1.1.4-т " Аймаг, сум, сум дундын болон зарим дүүргийн байршлыг хянан үзэж, бүсээр буюу тойргоор зохион байгуулах нөхцөл, боломжийг тооцоолж зохицуулах”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5 дахь бүлэгт "Шүүхийг тойргийн тогтолцоогоор шинэчлэн байгуулна”, Шүүхийн тухай хуулийн 10.2-т "Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан ... шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна” гэж тус тус заасныг үндэслэн давж заалдах шатны шүүх болон дүүргийн анхан шатны шүүхийг дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгаж, шүүх байрлах газрыг УИХ-аас 2001 онд баталсан МУ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэл болголоо.
 
Иймд нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулиар аймаг бүрт дагнасан, мэргэшсэн Анхан шатны шүүх байхаар зохицуулж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхгүй Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулж, Замын-Үүд, Тосонцэнгэл, Ханбогд зэрэг аймгаасаа алс суманд байрладаг Сум дундын 8 дугаар шүүхээс бусад Анхан шатны дүүрэг, сум, сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр эрүү, иргэний анхан шатны шүүх болгож дагнаж байгуулна.
 
Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Энэ хууль батлагдсанаар шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, орон сууцаар нэмж хангах асуудал дахиж гарахгүй, шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүйн зэрэгцээ их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй, төсөвт хүндрэл учруулахгүй байхаар тооцоолсон. Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулснаар үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шүүгчид томилолтоор ажиллана. Жишээ нь: Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Хэнтий, Сүхбаатар аймагт томилолтоор очиж ажиллана гэсэн үг.
 
- Нийт шүүхүүдээс ШЕЗ-д ирүүлсэн санал нь чухам юу байв? Шүүгч нар дагнасан шүүхийн талаар ямар санаа оноотой байдаг вэ?
 
- Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анхан болон давж заалдах шатны нийт 78 шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчээс санал асуулга авахад дийлэнх хувь нь шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулах, цаашдаа энэ тогтолцоог хэвээр хадгалах нь зүйтэй гэсэн санал ирүүлсэн байна. Урьд нь шүүгч, иргэн, эрүүгийн хэргийн аль алиныг шийдвэрлэдэг байсныг өөрчилж, хэргийн төрлөөр дагнан мэргэшүүлсэн. Мэргэшсэн шүүгч, мэргэн шийдвэр л гаргана. Үр ашгийг нь хэрэг маргаанаа шийдвэрлүүлж буй иргэд хүртэнэ шүү дээ.
 
- Та амьдралынхаа талаас илүү хугацааг шүүхийн байгууллагатай холбосон хүн. Шүүхийн шинэтгэл зайлшгүй хийх болсон шалтгааныг хувьдаа хэрхэн үздэг вэ?
 
- Шүүхийн шинэтгэлийн гол онцлог нь шүүхийн эрх зүйг боловсронгуй болгож байгаа явдал юм. Манай улс 2002 онд баталсан Шүүхийн тухай ганц хуультай байсан бол одоо Шүүхийн тухай багц хуультай боллоо. Энэ бол том шинэтгэл. Шүүхийн захиргаа, шүүн таслах үйл ажиллагаа хамтдаа байхад шүүгчийн хараат бус байдал хөндөгдлөө гэсэн шүүмжлэл их байсан. Шүүн таслах ажил, захиргаа хоёрыг салгасан нь мөн том шинэтгэл. Шүүхийн шинэтгэлийн үр дүнд шүүгч нар хариуцлагатай ажиллах шаардлага улам ихээр тавигдах болсон.
 
- Шүүхийн шинэтгэл ямар шатандаа явна гэж та үзэж байна вэ? Хэрэгжүүлэхэд гадаад, дотоод талаас тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?
 
- Шүүхийн шинэтгэл тасралтгүй үргэлжлэх ёстой. Шүүхийн шинэтгэлийн бас нэг гол ажил нь шүүгчдийн хэрэглэдэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох явдал. Эрүүгийн хууль, процессийн хуулиуд, захиргааны ерөнхий хууль, зөрчлийн хууль гэх мэтийн шүүгчийн хэрэглэдэг хуулийг шинэчилснээр шүүхийн шинэтгэл жинхэнэ утгаараа хэрэгжинэ.
 
- Шүүх бол том "айл”. Энэ засаглалын дутагдал, гачигдал доторхи зовлонг хөндлөнгөөс хараад ойлгоход амаргүй л юм билээ?
 
- Шүүхийн шинэтгэл засаг төр солигдлоо ч зогсохгүй. Энэ бол хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс үл хамааралтай бие даасан эрх мэдлийн шинэтгэл учраас цаашид тууштай үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Зовлон бэрхшээл тоочвол байлгүй яахав. Гуч гаруй жил шүүгч хийхэд нэг том хэрэг шийдэхэд албан тушаалтны, төр засгийн, найз нөхдийн гэх мэтээр янз бүрийн дарамт ирдэг. Утсаар ирдэг дарамт юу ч биш, шүүгчийн өрөөнд том балиус барьсан хүн ч орж ирж байлаа. Шүүгчийн өрөөнд орж ирж бичиг цаасыг урах, эд хөрөнгийг эвдэх, шүүхийн хананд элдэв хараал бичих гэх мэт зөвхөн шүүгч рүү заналхийлээд зогсохгүй ар гэр, үр хүүхэд рүү халдахаар заналхийлдэг үе саяхан байсан шүү дээ. Яг ийм хүнд хэцүү үед шүүгчтэй ажиллах сэтгэл зүйч ч алга. Шүүгч хүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үе ч таарч л байлаа. Ялангуяа эрүүгийн онц хүнд хэргийг шийдвэрлэхэд шүүгчийг хамгаалах үүрэгтэй цагдаа юу ч хийж чаддаггүй л байлаа. Харин Тахарын албаны хууль батлагдсанаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах эзэнтэй болж, тэд ч жилийн хугацаанд арга барилаа олж, ажил нь жигдэрсэн. Шүүгч бүрэн хамгаалалтанд орж сэтгэл амар шүүн таслах ажлаа хийж байтал Тахарын хуулийг хүчингүй болгох асуудал газар авлаа. Үнэхээр харамсаж байна. Шүүгч хүн хичнээн дарамт шахалт ирсэн ч бор зүрхээрээ зүтгэж, уг хэргийг үнэн зөв шударга, хуульд нийцүүлж шийдвэрлэсээр ирсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нөлөөллийн мэдүүлэг бичдэг болсноор шүүгчийн хараат бус байдал эрх зүйн хамгаалалтад орсон гэж үзэж болно.
 
- Шүүхийн ерөнхий зөвлөл дур мэдэн цалин нэмлээ, 15 тэрбумын хариуцлага яригдана гэж УИХ дээр хэсэг яригдсан. Ер нь хууль тогтоогчдод шүүхийн шинэтгэлийг хийх улс төрийн хүсэл зориг хэр байна гэж та үздэг вэ?
 
- ШЕЗ дур мэдэн шүүгчийн цалин тогтоосон, 15 тэрбум төгрөг ашигласан үрэгдүүлсэн зүйл огт байхгүй. Хууль тогтоогчдод шүүхийн шинэтгэл хийх улс төрийн хүсэл зориг, эрмэлзэл байгаа гэж ойлгож байгаа.
 
Харин зарим нэг хэт хуучинсаг үзэлтэй, намын гэх мэт хэт нэг талыг баримтлагчид өөрийн үзэл бодлоо тулгах гэж муйхарладгийг хараад хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашиг талаасаа хараасай л гэж боддог.
 
Шүүгчдийн цалин, нэмэгдлийг зохицуулж байсан 2002 оны Шүүхийн тухай хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон. Энэ хууль болон Төрийн албаны тухай хуулийн 28.5-ыг үндэслэн УИХ 2011 онд шүүгчдийн албан тушаалын цалинг 54-р тогтоол гарган тогтоож байжээ. Гэтэл УИХ 2011 онд Төрийн албаны тухай хуульд 281 гэсэн нэмэлт оруулсан. Тэр нэмэлтийн 281.2-д "... бүх шатны шүүгчдийн цалин хөлс, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна” гэж хуульчилсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна”гэж шүүгчийн цалинг тогтоожээ. Дээрх зохицуулалтын тоон утгыг тодорхойлох субьектийг УИХ нэрлэж хуульчлаагүй юм. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөл хууль биелүүлэх үүрэг, Шүүхийн захиргааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг бие даасан, хараат бус байх гэж хуульчилсныг удирдлага болгон, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөл ... шүүгчийн эрх ашгийг хамгаалах, ... шүүхийн бие даан ажиллах нөхцөлтэй холбогдсон үүргийг биелүүлнэ”, Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлд "Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах”, Мөн хуулийн 6.1.2-т " ... хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах” гэж хуулиар бүрэн эрх олгосныг үндэслэн шүүгчдийн цалинг нэмэгдүүлэн олгох шийдвэр гаргасан.
 
- Шүүгчдийн цалинг нэмсэн асуудлаар ШЕЗ хэвлэлээр сайн, саараар чамгүй бичүүлэх юм. Таны нэр ч хааяа хавчуулагдсан харагддаг?
 
- Шүүгчийн цалингийн асуудлаас шалтгаалж Шүүхийн ерөнхий зөвлөл чамгүй их цоллууллаа. Шүүгчээр 35 жил 6 сар ажилласан миний цалин ч нийтэд мэдээлэгдсэн. Би шүүхийн захиргааны байгууллагад ирээд жил гаруй болж байна. Монголын шүүхэд 30-аас дээш жил шүүгчээр ажилласан ердөө 4 шүүгч бий. Тэгэхээр гайгүй өндөр цалин авдаг шүүгч нь цөөхөн. Монголын шүүгчдийн 70 орчим хувь нь залуучууд, 10-аас доош жил ажилласан шүүгчид өндөр цалин авч чадахгүй шүү дээ.
 
- Шүүх нээлттэй, ил тод болж, шүүх хуралдааныг дүрс бичлэгжүүлснээр шүүгчийн хариуцлага, ёс зүй өндөрт тавигдаж байна.Таны үетэй өнөөдрийн шүүгчийг харьцуулшгүй болж байгаа талаар та юу хэлэхсэн бол?
 
- Үнэхээр шүүх эрс шинэчлэгдэж байна. Намайг шүүгч байсан үетэй харьцуулахын аргагүй. Шүүх хуралдааныг дүрс бичлэгжүүлж, архивладаг болсноор шүүгчид шүүх хурлыг дэгийн дагуу чадварлаг удирдаж, хууль ёсны ба үндэстэй шийдвэр гаргахыг хичээдэг, яллах өмгөөлөх талууд ч хуулийн дагуу мэтгэлцдэг, шүүх хуралдаанд оролцогчид хүртэл дэг зөрчихөө больсон, шүүх хуралдаанд үг хэлүүлээгүй, нотлох баримт шинжлэлгүй нэг талыг баримталж хэрэг шийдсэн гэсэн гомдол эрс багассан. Энэ нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалсан бодит ажил болсон. 1993 онд анх удаа анхан шатны шүүхүүд дээд хэмжээтэй хэрэг шийддэг болсноор гарын авлага болохоор тогтоол олдохгүй орон нутгийн шүүхүүд дүүргийн шүүхээс гуйдаг, тэд хуулбар хувийг шуудангаар илгээдэг шуудан нь олон хонож очдог гээд шүүхийн шийдвэр иргэдэд байтугай шүүгч нар ч олж үзэхэд бэрх үед би ажиллаж байжээ. Одоо шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулж, шүүх ил тод, нээлттэй болсон нь шүүгчдийг илүү хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шаардаж байна.
 
- Шүүхийн тухай багц хууль хэрэгжээд 2 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ШЕЗ-өөс хийж хэрэгжүүлсэн ажлуудын онцлогоос танилцуулахгүй юу?
 
- Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хоёрхон жилийн богино хугацаанд Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхийн тулд маш их ажил хийж, олон зорилтуудыг хэрэгжүүллээ. Үүнээс шүүхийн хөгжлийн стратеги, нээлттэй шүүх, цахим шүүх, шүүхийн хүний нөөцийн шинэтгэл, шүүхийн шийдвэрийн анализ гэсэн таван зүйлийг онцлон дурьдаж болно. Нэгдүгээрт, шүүхийн хөгжлийн стратегийн хүрээнд Шүүхийн шинэ менежмент, шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны, шүүхийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх, шүүх ба олон нийт гэсэн хөтөлбөрүүд боловсруулагдлаа. Хоёрт, нээлттэй шүүхийн хүрээнд иргэдийг шүүх хуралдаан нээлттэй үзэх боломжоор хангаж, нээлттэй шүүх танхимыг техник хэрэгслээр тоноглож тохижууллаа. Шүүхийн шийдвэр нээлттэй болж, Shuukh.mn сайт, цахим сангийн ухаалаг гар утасны апликэйшн нээлээ.
 
Гуравдугаарт, цахим шүүхийн хүрээнд бүртгэл, хяналтын нэгдсэн систем хэрэгжлээ. Үүнд: Иргэний хэргийн "Иргэн-2014” систем, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлж цаашид эрүүгийн хэргийн бүртгэлийн системийг энэ онд багтааж оруулахаар ажиллаж байна. Мөн шүүгчийг сонгон шалгаруулах программыг цоо шинээр хэрэгжүүллээ. Нийт шүүхийг шилэн кабельд холбож, Шүүхийн ерөнхий зөвлөл дээр дата төвийг байгуулж онлайн тогтолцоонд шилжлээ. Дөрөвт, шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийн хүрээнд 63 шинэ шүүгч, 74 ерөнхий шүүгч, 41 шүүхийн тамгын газрын даргыг сонгон шалгаруулсан. Шүүхийн түүхэнд бараг гарч байгаагүй олон нэр дэвшигч бүртгэгдсэн, сонгон шалгаруулалт боллоо.
 
Эцэст нь, шүүхийн шийдвэрт анализ хийх ажлыг эхлүүлж, анх удаа шүүхийн шийдвэрт судлаач, эрдэмтдээр дүн шинжилгээ хийлгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, чанартай, хариуцлагатай болоход том дэвшил болсон гэж үзэж байна.
 
- Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг харгалзахгүйгээр шүүхийг дүгнэх нь учир дутагдалтай. Нэг үеэ бодвол иргэд шүүхэд талархлаа илэрхийлэх болжээ?
 
- Шүүгч хүн хэрэг шийдэхэд нэг тал нь гомдож, нөгөө тал нь баярладаг. Харамсалтай нь баярласан тал нь баярлалаа гэж хэлж чаддаггүй. Хэрэв баярлалаа гээд хэлчихвэл шүүгчийг түүнтэй холбож, хардаж, сэрддэг. Харин шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүх нээлттэй, ил тод болсноор иргэдийн шүүхэд итгэх итгэл дээшилж, иргэд шүүхэд баярласан сэтгэлээ хэлж чадаж байна. Бид саяхан хөдөө орон нутагт ажиллахдаа иргэдээс санал асуулга авч, иргэдийн саналыг сонсож байхад иргэдийн шүүхэд итгэх итгэл сайжирчээ. Шүүхийн шинэчлэлийг мэдэрч, ам сайтай байсныг дурьдахад таатай байна.
 
- Ярилцсанд баярлалаа.
 
Ш.Отгонцэцэг
 
Эх сурвалж: "Өнөөдөр” сонин 2015.05.21 № 119 /5513/