Цагаан, хар сүлэлдсэн орчлон

2015-03-09     

2015 оны 03 сарын 06. 15:31
 
Яагаад ч юм бэ. “Нар сарны зааг” уран сайхны киноны ялтныг хэвтэрт орсон ээжтэй нь уулзуулахаар чөлөө олгодог хэсэг санаанаас гарч өгөхгүй байлаа. Магадгүй, тэр нууцлаг газрын талаар олон юм мэдэхгүйтэй, тэндээс гэгээлэг зүйл олж харах хүсэлтэй холбоотой биз. Гэхдээ тэр газрыг хүмүүс хахир хатуу, аймаар гэж боддог. Иймэрхүү бодол дунд орооцолдож явсаар ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 415 дугаар ангид ирлээ.  
    
Төв аймгийн Баян сумын нутаг Мааньт хэмээх газар орших энэхүү хорих ангид ангийн ажилчид, хүмүүжигч нийлсэн 600 гаруй хүний амьдрал өрнөдөг аж. Энд өнөөдөр хянан магадлангийн шүүх хурал болж зарим ялтны хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялын дэглэм бууруулах, дэглэм дээшлүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Шүүхийн шинэчилсэн зохион байгуулалтаар хорих 415 дугаар анги Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны дөрөвдүгээр шүүх болон дүүргийн Дөрөвдүгээр прокурорын газарт хамаардаг болжээ. Тус ангийн дарга, дэд хурандаа Ц.Алтантулга “Дүүргийн дөрөвдүгээр шүүх, прокурорын харьяанд шилжсэнээр ялын дэглэм бууруулах, тэнсэн суллах журмын заалт бүрэн утгаараа хэрэгжих боллоо. Өмнө нь Төв аймгийн шүүхийн харьяанд байхад дэд бүтэц, зам байршлаасаа шалтгаалаад улиралд нэг удаа хянан магадлангийн хурал болдог байсан. Одоо бол сар бүр хянан магадлангийн хурал болж байна. Хамгийн гол нь ялтны эрх зүйн байдал дээрдэж байгаа юм” гэж ярьсан.   Удалгүй хорих 415 дугаар ангийн шүүх хуралдааны танхимд хянан магадлангийн хурал эхэллээ. Шүүх хуралдааныг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны дөрөвдүгээр шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүх хуралдааны нарийн бичиг, прокурор, хорих ангийн тоо бүртгэгч, нийгмийн ажилтнууд оролцов. Шүүх хуралдааны танхимын хананд хүний эрхийг тунхагласан онч мэргэн үгс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зүйл, заалтаас ишлэн хаджээ. Хөвөнтэй зузаан хүрэм зэргээр дулаан хувцасласан, харшиж ядарсан царайтай, харц доогуур хүмүүжигчдийг хорих ангийн тусгайгийн алба хаагчид дагуулан ирж шүүх хуралд оролцуулав. Шүүхээс гурван ялтныг хугацаанаас өмнө суллаж, дөрвөн хүмүүжигчийг дэглэм бууруулж, найман ялтныг дэглэм дээшлүүлэх шийдвэр гаргасан.  
 
Хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ялтнуудын хамгийн том баяр нь ижийдээ очих байсан. Харин хорих ангийн дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн,жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээсэн дахин өөрийн буруутай үйлдлээсээ болж ноцтой зөрчил гарган ялын дэглэм дээшилж буй хүмүүжигчдийн хамгийн хэцүү нь ижийдээ дуулгах байсан байх.   
 
Энэ аглаг газрын хашаа хороо, шавар, чулуугаар барьсан хөшөө дурсгал, чулуун зам гээд бүгд цэмцгэр, хэн нэгэн, хэн нэгний тушаал, заавраар хийсэн нь ил. Хорих ангийн даргын зөвшөөрлөөр ялтны нэг байр, уулзалтын өрөө, урлаг, спорт заал, номын сан, хүмүүжигчдийн гал тогоо зэрэг объекттой танилцав. Хорих ангийн дэд дарга богино холбоогоор хэсэг ярилцсаны эцэст төмөр хаалганы түгжээ тайлагдаж, дотогш нэвтэрлээ. 
 
Нэлээн зайдуу харагдах талбайд олон хүн эгнэн суусан харагдана. Ангийн дэд дарга, дэд хурандаа Б.Лхагважав хүмүүжигчдийн “тооны цаг болж байна” гэж тайлбарлав. Өнөөдөр 20 ялтан нэмэгдэж ирснээр 530 орчим болсон гэнэ. Тэдний олонх нь 20-35 насны ид хийж бүтээх залуус, идэр эрчүүд гэхээр харамсмаар. Мэддэг, чаддаг зүйл, авьяас билгээрээ олонд танигдаж, нэгэн цагт мандаж явсан эрхмүүд ч тэдний дунд суугааг ангийн удирдлагууд хэлж байсан. Уурын мунхаг, архины хөнөөл, өшөөтний хоронд автан алдаж, санаатай, санаандгүй үйлдлээр гэмт хэрэг хийж, ялтан гэх нэр, дугаартай тэмдэг зүүж яваа. Чанга дэглэмтэй хорих ангид анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн ирэх нь тун цөөн. Харин энд давтан, тухайлбал 6-7 удаа, бүр12 удаа гэмт хэрэг үйлдсэн хүн ч ял эдэлж буй гэж тус ангийн нийгмийн ажилтан Ч.Дашням хэлсэн. 
 
Гэхдээ тэд хүн. Бидэнтэй адилхан зүрх сэтгэлтэй ээжийгээ, үр хүүхдээ санадаг.   Нэг өрөөнд найман ялтан амьдардаг аж. Ороо цэмбийтэл хурааж, зарим нь явган хөшиг татсан харагдав. Зөвхөн өөрийнх нь орчин, орон зай болох орны арын ханандаа өөрсдийнхөө жижигхээн ертөнцийг үүсгэжээ. Майкл Жексоны сэтгүүлийн хайчилбар зураг, Бурхан багшийн хөрөг, Р.Чойномын “Шоронгийн дуу”, О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлгийг сониноос хайчлан авч, нямбайлан наасан нь үзэгдэж байлаа. Ангийн даргаас танай хорих ангид ялтны амьдрах орчин ямар вэ гэж асуухад “Хэвийн хэмжээнд аваачихыг хичээж хоёр байраа тохижуулсан. Агааржуулалтыг тодорхой хэмжээнд шийдсэн. Нэг байрны цонх нарны гэрэл муу тусдаг байсныг стандарт хэмжээтэй болгох төсөл бичиж, шийдэгдсэн. Ялтны эрүүл мэнд, амьдрах орчинд анхаарах хэрэгтэй” гэдэг хариултыг өгсөн. 
 
Ялтнууд ном унших их сонирхолтой, ажил хийдэггүй зарим нь ном уншиж, цаасан урлал гэх мэтийг хийж өдрийг өнгөрөөдөг гэнэ. Хорих 415 дугаар ангийн номын санчаар нэгэн цагт зохиол бүтээл гаргаж, олны танил явсан хүн одоо бол хорих ангийн ялтан ажилладаг аж. Хар саарал өнгийн хөвөнтэй хүрэм өмссөн, гундуухан царайтай тэрбээр бичиг үсэггүй ялтнуудад анхан шатны боловсрол олгох сургалтын дараа номын сангийнхаа шалыг цэвэрлээд зогсож байсан. Түүний хэлснээр ялтнууд ном уншихдаа номын санд сууж бус картанд тэмдэглүүлэн өрөөндөө авч уншдаг гэнэ. Номын тавиурыг гүйлгэн харахад “Бодь мөрийн зэрэг”, “Бурхан багшийн сургаал”, “Нууц” зэрэг уншаад ойлгодог хүнд ухаарал хайрлаж, нэгийг бодогдуулам номууд өрөөстэй байв. 
 
Гэхдээ номуудын тоо хангалттай биш байсан нь хог зарж үрэхээр, цаашилбал шатааж устгахаар олон номтойгоо фэйсбүүк хуудсаар сурталчилаад байдаг нөхдүүд эднийд хандив өргөчихөөсэй гэж бодогдуулж байсныг нуух юун. Хорих ангийн хүмүүжигчдийн 40-50 хувь нь ангийн аж ахуйн үйлчилгээ, гэрээт байгууллагууд, “ШТН” зэрэгт тогтмол ажил хийдэг аж. Чанга дэглэмтэй хорих ангийн ялтан хоногт 10 цаг ажиллах ёстой. Хөдөлмөр эрхэлж буй хэсгийн 40-50 хувьд нь цалин хөлс бодогддог юм байна. Ялтныг ажлын байраар хангаж хөдөлмөр эрхлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг эргүүлэн төлүүлэхэд нэн ач холбогдолтой. Мөн ялтнууд гадуур ажиллах нь суллагдан гарсны дараа нийгэмтэйгээ ойртох боломж нэг шатаар урагшилж буйг хорих ангийн нийгмийн ажилтан онцолсон.    
 
Чанга, хатуу дэглэмд ял эдэлж байгаа ч бусдад туслах чин сэтгэл нь мөхөөгүй аж. Ялтнуудын санаачилгаар 2012, 2013 онд тус бүр гадаадад эмчилгээнд явах шаардлагатай  хүүхдүүдэд 500, 600 гаруй мянган төгрөгийг сэтгэлийн өглөг болгон хандивлаж байжээ. Энэхүү мөнгө хүмүүжигчдийн цалингаас цугларсан аж. Харин энэ онд хорих ангийн хүмүүжигчдээс бүрдсэн “Залуус” хамтлаг хагас хандивын тоглолтыг Багахангай дүүрэгт амжилттай тогложээ. Тоглолтоос цугларсан орлогын тодорхой хувиар орон нутгийн эмзэг бүлгийн иргэдэд гурил, будаа авч өгөх зэргээр бодит туслалцаа үзүүлсэн бол үлдсэн хэсгээр хөгжим техникийн хэрэгслээ шинэчлэх аж. “Залуус” хамтлаг Налайх дүүрэгт тоглохоор зэхэж буй гэсэн. Хамтлагийн ахлагч нь урлагийн салбарт од болон гялалзаж байсан нэгэн байдаг юм билээ. Энэ ангийн ялтан жилд дөрвөн удаа л гэр бүлийнхэнтэйгээ хоногоор уулзах эрхтэй байдаг аж. Тиймээс энд гэр бүлийнхэнтэйгээ удаан жил уулзаагүй хүмүүс олон. Шинэ жилийн үеэр зургаан жил уулзаагүй аав, охин хоёрыг уулзуулан “элгийг нь дэвтээжээ”. Мөн хэдхэн хоногийн өмнө модон хонин жилийн шинийн наймны өдөр 21 ээжийг ял эдэлж буй хүүтэй нь золгуулах буянтай ажлыг зохион байгуулсан байна.   
 
Үйлдсэн хэргийнхээ учир шалтгаанаар нийгмийн дунд эрх чөлөөтэй байх эрхээ тодорхой хугацаагаар хасуулсан ч хорих 415 дугаар ангийн ялтнууд спорт зааланд тоглож, бясалгал, бичиг үсэг сурч, чулуу, мод, төмөр, цаас, савхиар элдэв бүтээгдэхүүн урлаж, зарим нь ном зохиол бичиж, орчуулж аж төрсөөр суудаг аж. Сүүлийн үед ялтнууд ч техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг хүсч нууцаар гар утас ашиглах, тэн дундаа фэйсбүүк хэрэглэсэн зөрчил гарах болж. Энэхүү зөрчлийг газар дээр нь арилгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэснээс гадна хорих байранд гар утасны сүлжээ унагагч төхөөрөмж суурилуулсан байна. Энэ нь хэн хэндээ халгүй таарсан зохицуулалт санж. Угаас ялтнуудыг нийгмийн ажилтны өрөөнөөс долоо хоногт нэг удаа ар гэрийнхэнтэй нь утсаар яриулдаг аж. Хорих 415 дугаар ангийн ялтнуудын олонх хэсэг нь буюу 35 хувь нь хүн амины, 30 хувь хулгай, дээрмийн хэрэгтэн байдаг бол үлдсэн хэсэг бусад төрлийн хэргээр ял эдэлдэг байна. 35 хувь нь хүн амины хэрэгтэй гэдгийг сонсоход “нуруу хүйт оргим”. 
 
Энэ завсар хорих ангийн ажилчдыг өрөвдөж байлаа. Хязгаарлагдмал, гунигтай, бүүдгэр орон зайн дунд, хуулийн дор аймшигт гэмт хэрэг хийсэндээ гэмшсэн, гэмшээгүй, хүмүүжил, ёс суртахууны доголдолтой этгээдүүдийг засч залруулахаар, засал хүмүүжил олгохоор ажиллах. Төрийн хууль дээр нь буй ч эрсдэлтэй, хүнд алба шиг ээ.   Зэрвэс хараад алсуур өнгөрвөл хорих анги гэж харагдахааргүй буйд, нууцлаг энэ газарт нэвтэрч болохгүй хориотой бүсүүд бий. Нээгдэх хаалга бүхний үүдэнд богино холбоо барьсан хянагч зогсоно. Эхнийх нь нээгдээд, хаагдсаны дараа удаах хаалга онгойно. Энэ бүхнийг дамжсаар гарч ирэхэд, том төмөр хаалганы хүчтэй хаагдах чимээ ард хоцорлоо. 
 
Хорих 415 дугаар ангийн олонх ажилчин Төв аймгийн Баян сумын иргэд гэсэн. Ажил тарахаар тэднийг гэрт нь хүргэх ажилчдын автобус ирсэн харагдана. Хэдхэн минутын өмнө дотогш ороход тогтуун байсан тэнгэрийн ааш хувирч, жихүүн салхи хорих ангийн байрны өмнө хэн хэзээ босгосон нь үл мэдэгдэх чулуун морин хуурыг дуугаргах гэсэн мэт хүчтэй исгэрнэ. Өнөөдөр эндээс гэгээнийг, барааныг ч олж дуулав. Үзэж харав. Цагаан, хар сүлэлдсэн орчлоон гэж.  
  
Б.Будхүү