ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭГ ТАЛУУД ТОХИРОЛЦОН ТОГТООХ БОЛОМЖТОЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар : Нийслэлийн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2013-03-02 104/ШШ2023/00104
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: №4, 2023-03-29
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Агуулга: Нэхэмжлэгч Сувд гэрлэлтээ цуцлуулах, хүү Содов, Сүрэн нарыг өөрийн асрамжид үлдээх, тэтгэлэг гаргуулах, хүүхдийн сургалтын зардал 1,500,000 төгрөг гаргуулахаар хариуцагч Сандагаас шаарджээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн байна.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч тал хүүхдийн тэтгэлгийг тодорхой мөнгөн дүнгээр тогтоолгох хүсэлтэй тухайгаа илэрхийлсэн бөгөөд зохигчид ярилцаад хүүхэд тус бүрт сар бүр 250,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулахаар харилцан тохирсон.
Шүүх Сувд, Сандаг нарын гэрлэлтийг цуцалж, хүү Содов, Сүрэн нарыг эх Сувдын асрамжинд үлдээж, Содов, Сүрэн нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл эцэг Сандагаас хүүхэд тус бүрт сар бүр 250,000 төгрөг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн хүүхдийн сургалтын төлбөр 1,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа