ДАРААЛАЛ ЗӨРЧСНӨӨС ҮҮДЭН МАРГАЛДАН ГЭМТЭЛ УЧРУУЛАВ
Шийдвэрийн дугаар: 2024.01.12, 2024/ШЦТ/16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2024.02.14 шийдвэр-хураангуй: Дугаар 1
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн С нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрийн салбарын төлбөр төлөх хэсэгт иргэн М-ийг өөрийнх нь урдуур орсон гэж маргалдан улмаар иргэн М-ийн газарт татан унагааж нүүр хэсэгт өшиглөж, нүдийг нь гэмтээн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11 дүгээр бүлэгт зааснаар бусдын эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан байх ба шүүх иргэн С- г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Энэ гэмт хэрэг нь иргэн М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийгэмд тогтсон дарааллаар үйлчлүүлэх дэг журмыг бүдүүлгээр зөрчиж хэл амаар доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэй иргэн С дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/99365?daterange=2024-01-01%20-%202024-02-13&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд