АГУУЛАХАД НЭВТЭРЧ ХУЛГАЙ ХИЙСЭН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ

2023-08-30      672

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.07.06 өдөр, №2023/ШЦТ/101

Шүүхийн шийдвэрийн тойм №6, 2023.08.30

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч С нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи уусан үедээ нэмж архины мөнгө олох зорилгоор таньдаг хүнийг эзгүй үед нь хашаанд орж хаалттай амбаарт нь хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хохирогч Б-ийн “Тоёота” загварын тээврийн хэрэгслийн 350,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан байх ба тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр тооцох тул Шүүх иргэн С-г бусдын  эд хөрөнгийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульд заасан бөгөөд шүүхээс иргэн С-ийг үйлдсэн гэмт хэргийн шинж, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/90432?daterange=2023-01-01%20-%202023-08-29&id=1&court_cat=2&bb=

 

Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд